"Эрдэнэ Ресурс" компани "Зуун мод" молибден-зэсийн төсөлд 687 сая ам.долларын бүтээн байгуулалт хийнэ
Монгол Улсын баруун өмнөд бүс нутагт уул уурхайн бас нэгэн аварга төсөл хэрэгжих бэлтгэл хангагдаж эхэллээ. Канад болон Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development компани өөрийн 100 хувь эзэмшдэг "Зуун мод" (Zuun Mod) молибден-зэсийн төслийг түргэвчилсэн төлөвлөгөөний дагуу ирэх 5 жилийн дотор буюу 2031 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байгаагаа компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Питер Акерли мэдэгдлээ.
Тус компаниас олон нийтэд танилцуулсан урьдчилсан эдийн засгийн үнэлгээний (PEA) тайланд дурдсанаар, "Зуун мод" төслийн нийт бүтээн байгуулалт, барилга угсралтын зардал 687 сая ам.доллар (ойролцоогоор 976 сая канад доллар) байхаар тооцоолсон байна. Уг уурхай нь 34 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулах бөгөөд жилд дунджаар 19.8 сая фунт молибден, 27.9 сая фунт зэс олборлон үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Төслийн татварын дараах цэвэр өнөөгийн үнэ цэнийг (NPV) 745 сая ам.доллар, харин дотоод ашгийн коэффициентийг (IRR) 16 хувь байхаар үнэлжээ.
Питер Акерли "Төслийн хэмжээ далайц болон Азид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн нөхцөлтэй харьцуулахад барилга угсралтын өртөг харьцангуй боломжийн түвшинд гарсан. Энэ нь манай Баян хөндийн алтны уурхайн бүтээн байгуулалтын туршлагатай нийцэж байгаа бөгөөд тухайн үед бодит зардал Хойд Америкт барихаас даруй хоёр дахин хямд туссан" хэмээн онцолсон байна. "Зуун мод" нь "Эрдэнэ Ресурс" компанийн Хөндий эрдсийн дүүрэг дэх хоёр дахь том хөгжлийн төв болох бөгөөд тус бүсэд орших Баян хөндийн алтны уурхай нь хэдийн худалдааны үйлдвэрлэлээ эхлүүлээд байгаа юм.
Компанийн зүгээс уг томоохон төсөл дээр хамтран ажиллах стратегийн түншийг хайж байна. Мөн ирэх жил Баян хөндийн уурхай үндсэн өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссаны дараа алтны борлуулалтын орлогоос орж ирэх чөлөөт мөнгөн урсгалыг "Зуун мод" төслийн санхүүжилтэд тодорхой хэмжээгээр чиглүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Техник, эдийн засгийн үндэслэлээс гадна тус компани 10 дугаар сарын сүүлээс эхлэн ордын нөөцийг өргөтгөх, гүн дэх зэсийн эрдэсжилтийг нарийвчлан тогтоох шинэ шатны өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Үүнтэй зэрэгцэн инженерчлэл, байгаль орчин, гидрогеологийн судалгааны хөтөлбөрүүд үргэлжлэх бөгөөд уурхайн ирээдүйн дэд бүтцийг БНХАУ-ын хилээс 240 км зайд байрлах цахилгаан дамжуулах шугам зэрэг одоо байгаа сүлжээнд холбож шийдвэрлэх давуу талтай юм.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




