Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлд шинээр барьсан 240.3 километр авто замыг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг зам нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж буй гол хэсэг юм. Энэхүү зам ашиглалтад орсноор нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжирч, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох уулзвар болохоос гадна улсын экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Насанбуянгийн Энхбат болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын Засаг дарга нар оролцов.
Энэ үеэр Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалыг шуурхай нэвтрүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулах болон боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллахаа албаныхан илэрхийллээ.
Ийнхүү Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үе шаттайгаар урагшилж, экспортын тээвэрлэлтийн дэд бүтэц болон тээвэрчдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд бодит ахиц гарч байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




