Монгол Улс хандив авагчаас хандив үзүүлэгч орон боллоо
Монгол Улс тусламж авагчаас тусламж үзүүлэгч орон болж Дэлхийн банкны санд хандив өргөв
Монгол Улс Дэлхийн банкны хамгийн буурай, ядуу орнуудад тусламж үзүүлдэг Олон улсын хөгжлийн ассоциацийн (ОУХА / IDA) санд шинээр хандив өргөгч (донор) улс болсныг Дэлхийн банкны групп бямба гарагт албан ёсоор зарлалаа. Энэ нь бараг гучин жилийн турш тус сангаас тусламж авч байсан Монгол Улсын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ түүхэн хуудас, томоохон үсрэлт болж байна.
Монгол Улсын Их Хурал тус санхүүжилтийн шинэ шатанд зориулж 4.8 тэрбум төгрөг (ойролцоогоор 1.3 сая ам.доллар)-ийн хандив өргөх шийдвэрийг баталсан байна.
Тусламж авагчаас донор улс болсон замнал:
-
1991 он: Монгол Улс Дэлхийн банкны гишүүнээр элссэнээсээ хойш тээвэр, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжих чиглэлээр нийт 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт, тусламжийг ОУХА-иас авчээ.
-
2020 оны 7-р сар: Манай улс эдийн засгийн чадавхаараа тус сангийн хөнгөлөлттэй тусламж авах шалгуурыг амжилттай давж (төгсөж), Дэлхийн банкны дундаж орлоготой орнуудад зээл олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны (ОУСБХБ / IBRD) шууд үйлчлүүлэгч болсон юм.
Монгол Улсын Сангийн сайд Загджавын Мэндсайхан Дэлхийн банкнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд: "Монгол Улс ОУХА-ийн (IDA21) санхүүжилтэд хандив өргөж байгаа нь Дэлхийн банктай тогтоосон урт хугацааны түншлэлийн чухал үе шат бөгөөд олон улсын эв нэгдлийн төлөөх бидний зүтгэлийг илэрхийлж байна. Бид өөрсдөө энэ сангийн тусламжийг биеэр хүртэж, үр шимийг нь үзсэн хүний хувьд ядуурлыг бууруулах, улс орнуудын тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд хөнгөлөлттэй санхүүжилт ямар чухал үүрэгтэйг сайн мэднэ. Монгол Улс өөрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг урагшлуулахын зэрэгцээ бусад орнуудад зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна" хэмээн онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




