Беларусь улс Монголын зах зээлийн тодорхой салбаруудад байр сууриа баталгаажуулахын тулд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна. Энэ тухай Минск хотноо болж буй Беларусь, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын хэлэлцээнд оролцож буй Гадаад хэргийн сайд Максим Рыженков сэтгүүлчдэд мэдээлсэнийг БЕЛТА агентлагийн сурвалжлагч дамжууллаа.
"Бид Монгол Улстай тогтоох худалдаа-эдийн засгийн харилцаагаа зөвхөн бэлэн бүтээгдэхүүн худалдаалах төдийгөөс ангижруулж, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чиглэлд шилжүүлэхийг зорьж байна. Монгол Улс дотор нь тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар энэхүү түншлэлийг бүтээж байна. Тухайлбал, сүүний чиглэлийн фермүүд байгуулах, манай өндөр хүчин чадалтай тракторуудыг угсрах үйлдвэрийг нээх зэрэг ажлууд үүнд багтаж байгаа юм" хэмээн Гадаад хэргийн яамны тэргүүн тайлбарлав.
"Мэдээж хэрэг, ийм хэмжээний хамтын ажиллагааг бүрэн хэлбэржүүлж босгоход илүү их цаг хугацаа шаардлагатай (Беларусь Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш өнгөрсөн хугацаатай харьцуулахад). Учир нь Монголын талаас урт хугацаанд тууштай хамтран ажиллах найдвартай түншүүдийг олж тогтоох, тохирох талбай байршлыг сонгох зэрэг олон ажил хийгддэг" гэж Максим Рыженков нэмж хэллээ.
Үүнээс гадна, талууд энэ оны зун хэрэгжиж эхэлсэн ЕАЭЗУ (Евразийн эдийн засгийн холбоо) болон Монгол Улс хоорондын Түр хугацааны худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болохыг хүлээж байсан юм. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнесийн хүрээнийхэнд худалдааны хөнгөлөлттэй нөхцөлүүдийг олгож, гаалийн татварыг үлэмж хэмжээгээр бууруулах (зарим төрлийн бүтээгдэхүүн дээр татварыг бүр мөсөн тэглэх) зохицуулалттай тул маш чухал хөшүүрэг болж байна. "Өөрөөр хэлбэл, яг одоо бодитоор ажиллах бүх боломж бололцоо бүрдээд байна" гэж сайд итгэлтэйгээр тэмдэглэв.
"Ямар нэгэн шинэ зах зээл рүү нэвтэрч орох үед мэдээж хэрэг тэнд аль хэдийн байршсан хэн нэгнийг бага зэрэг шахах шаардлага гардаг. Тийм учраас бид яг одоо Монголын хамтран ажиллагсадтайгаа хамтраад зах зээл дээрх бусад оролцогчдыг "жийж", өөрсдөдөө зам гаргах үйл явцыг хийж байна. Үүний зорилго нь манай уул уурхайн карьерын техник, трактор, мөн сүүн бүтээгдэхүүнийг хамтран боловсруулах салбарт өөрсдийн бүтээгдэхүүний байр суурийг тодорхой бөгөөд баттай зангуужлан үлдээхэд оршиж байна. Бүх зүйл маш сайн болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна" хэмээн Максим Рыженков цохон тэмдэглэлээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



