Монгол Улс Беларусь Улстай хийх хоёр талын худалдааны хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Минск хотноо Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хийсэн хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна.
"Бид худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд Беларусь улстай харилцан ашигтай, үр бүтээлтэй хамтран ажиллахыг зорьж байна. Өнөөгийн геополитик болон геостратегийн амаргүй нөхцөл байдлаас үүдэн зарим сорилтууд гарч байгаа хэдий ч талууд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний үр ашгийг дээшлүүлэхийн тулд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна" гэж Ухнаагийн Хүрэлсүх хэлэв.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч тулгарч буй хүндрэлүүдийг даван туулж, оновчтой шийдлийг олохын тулд хоёр орны банк болон холбогдох санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийн хооронд зөвлөлдөх уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
"Бид 2029 он гэхэд хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэхийг маш их хүсэж байна" хэмээн Ухнаагийн Хүрэлсүх цохон тэмдэглэв.
Тэрбээр Беларусь Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлал нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын харилцааг огт өөр шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Тэрхүү айлчлалын үеэр засгийн газар болон салбар яамд хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь цаашдын харилцааны эрх зүйн үндсийг тавьсан юм.
Ухнаагийн Хүрэлсүх өөрийн энэхүү хариу айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаад талууд 2027-2029 оны хамтын ажиллагааны замын зураглалыг багтаасан арав орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Беларусь улсад айлчлах боломж олдсонд маш их баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр зочломтгой зан чанар, халуун дотноор хүлээн авсанд тус улсын удирдлага, засгийн газар болон найрсаг беларусь түмэнд гүн талархал илэрхийллээ. "Таны удирдлага дор, 'Бүх зүйл биднээс шалтгаална: хэрэв бид илүү сайн ажиллавал, илүү сайн амьдрах болно' гэсэн уриатайгаар Беларусь улс хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг бид харж байна. Би үүнийг өөрийн нүдээр харлаа" хэмээн Ухнаагийн Хүрэлсүх Александр Лукашенкод хандан онцлон тэмдэглэв.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



