Беларусь болон Монгол Улс Минск хотноо өндөр түвшинд хийсэн хэлэлцээнийхээ үр дүнд янз бүрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх багц баримт бичгүүдийг баталсан байна.
Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ, гарын үсэг зурсан баримт бичгүүд болон хүрсэн тохиролцоонууд нь хоёр улсад эдийн засгийн бодит үр ашиг авчирч, Беларусь, Монголын ард түмний аж амьдралыг цаашид дээшлүүлэхэд тус дөхөм болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд Беларусь болон Монгол Улсын хамтын ажиллагааг 2027–2029 онд хөгжүүлэх замын зураглалд гарын үсэг зурлаа.
Мөн хоёр орны холбогдох байгууллага, салбар яамдын хооронд дараах баримт бичгүүдийг үзэглэв:
-
Спортын салбарт: Хамтран ажиллах тухай хэлэлцээр.
-
Хөдөө аж ахуйн салбарт: Хамтын ажиллагааг 2027–2029 онд хөгжүүлэх замын зураглал.
-
Хөнгөн үйлдвэрийн салбарт: Хамтран ажиллах тухай санамж бичиг.
-
Гаалийн салбарт: Итгэмжлэгдсэн эдийн засгийн операторын институтийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр.
-
Итгэмжлэлийн салбарт: Беларусийн Итгэмжлэлийн төв болон Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.
Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Гомель мужийн Гүйцэтгэх хороо болон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн Могилев муж болон Хэнтий аймаг худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.
Мөн Беларусийн Үндэсний төрийн телерадио компани болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран ажиллахаар тохиролцсон байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



