Беларусь болон Монгол Улсын удирдагчдын Тусгаар тогтнолын ордонд хийсэн хэлэлцээний үр дүнд хоёр улс хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээнд оролцсон Беларусийн хөнгөн үйлдвэрийн "Беллегпром" концернийн дарга Надежда Лазаревич БЕЛТА-гийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: "Сүүлийн үед манай хоёр орны хамтын ажиллагаа маш нягт өрнөж байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн дэмжлэгийн ачаар харилцааны динамик сайн байгаа. Өдгөө бид Монгол Улсаас дээд зэргийн чанараараа алдартай меринос үүлдрийн хонины ноос худалдан авах асуудлыг боловсруулж байна" хэмээн онцлов.
Тэрбээр цааш нь тайлбарлахдаа: "Энэхүү түүхий эд нь 'Камволь' хувьцаат компанийн хувьд шинэ боломж нээж байгаа учраас манай талд туйлын сонирхолтой байна. Ноосыг боловсруулж, эцэст нь хослол болон пальто хийхэд зориулагдсан өвөрмөц даавуу гаргаж авах тухай энд яригдаж байгаа юм. Тиймээс Монголын талтай хамтран ноос нийлүүлэгчийг сонгох болно. Бид энэ түүхий эдийг худалдан авахыг маш их сонирхож байна. Учир нь энэ нь манайхыг өвөрмөц үйлдвэрлэгч болгож, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэн, өрсөлдөх чадварыг улам дээшлүүлэх юм" гэжээ.
Мөн айлчлалын үеэр Монгол Улсын бизнесийн хүрээнийхний төлөөлөгчид Беларусь улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд аравдугаар сарын 26-ны өдөр "Камволь" хувьцаат компани болон Өндөр технологийн паркийн (ПВТ) үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хийсэн уулзалтын үр дүнгийн талаар тэмдэглэхдээ, хоёр орны мэргэжилтнүүд монгол ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хослуулж, шинэ төрлийн даавуу гаргаж авах, улмаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэх болно гэв. Тэрбээр үүний үр дүнд маш сайн чанартай бүтээгдэхүүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ТАТАР МАЙДАР








Эдийн засаг



