Dark Light
Эдийн засаг | 2026-10-27

МОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСУУД АЖ ҮЙЛДВЭРЭЭС IT-ГИЙН САЛБАР ХҮРТЭЛ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Belta.by

Минск хотноо зохион байгуулагдсан Беларусь-Монголын бизнес форумд Монголын 60 орчим, Беларусийн 200 гаруй компанийн төлөөлөгчид цугларлаа.

Беларусийн Аж үйлдвэрийн сайд, Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны Беларусь-Монголын засгийн газар хоорондын комиссын хамтарсан дарга Андрей Кузнецов тэмдэглэхдээ, Беларусь, Монгол нь хөнгөн, хүнд болон нефть химийн үйлдвэрлэлийн салбарт бие биенээ нөхөх эдийн засагтай орнууд гээд Беларусь улс олон салбарт өргөн хүрээний техник, технологийг санал болгоход бэлэн байгаа бөгөөд зөвхөн бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх бус, урт хугацааны хамтын ажиллагаа, мэргэжилтнүүдийг сургах сонирхолтой байна гэв.

Бизнес форумын гол үр дүн, тэмдэглэлт үйл явдлууд:

  • Бизнесийн оролцоо: Форумд Монгол Улсаас эрчим хүч, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэр, барилга, логистик, банкны салбар болон IT зэрэг тэргүүлэх чиглэлийг төлөөлсөн 60 орчим компани хүрэлцэн ирж, B2B уулзалтуудыг хийв.

  • Үйлдвэрүүдтэй танилцсан нь: Монголын төлөөлөгчид айлчлалын эхний хагаст Беларусийн тэргүүлэх үйлдвэр, байгууллагууд болох "Камволь" ТӨХК, "Коммунарка" ТӨХК, Өндөр технологийн парк (ПВТ) болон "Великий камень" аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Худалдааны өсөлт: Энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 12 хувиар өссөн бөгөөд үүнээс Беларусийн Монгол руу хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар нэмэгджээ. Цаашид ЕАЭУ болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь бизнест шинэ боломж нээнэ гэж үзэж байна.

  • Хамгийн ирээдүйтэй чиглэлүүд: Хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй чиглэлээр хөдөө аж ахуй (Монголд хөдөө аж ахуйн техник, сэлбэг хэрэгсэл шаардлагатай байгаа), сүү болон хүнсний үйлдвэрлэл, ноос боловсруулах салбар, ойн аж ахуй, мод боловсруулах, тавилга, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг нэрлэв.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа олон жилийн турш тогтвортой, тууштай хөгжиж ирснийг онцлоод: "Бид хамтын ажиллагаагаа зөвхөн худалдаагаар хязгаарлахгүй, технологи, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлж, гуравдагч орны зах зээлд гарахыг төлөвлөж байна" гэлээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав Монгол Улсыг сонирхож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн оролцогчдод талархал илэрхийлээд, худалдааны бодит өсөлтийг бий болгоход найдвартай түнш, өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүн болон логистикийг хөгжүүлэх шаардлагатайг дурдсан байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Беларусь улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10