Беларусь, Монгол Улс хамтын ажиллагааны замын зураглалыг баталж, Монголд техник угсралтын хамтарсан үйлдвэрүүд байгуулахаар тохиролцлоо
Беларусь болон Монгол Улс Минск хотноо өндөр түвшинд хийсэн түүхэн хэлэлцээнийхээ үр дүнд хоёр улсын улс төрийн өндөр түвшний харилцан ойлголцлыг эдийн засгийн бодит төслүүд болгон хувиргах багц баримт бичгүүдийг баталлаа. Талууд хоёр орны хамтын ажиллагааг 2027–2029 онд хөгжүүлэх стратегийн замын зураглалыг албан ёсоор баталж, Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний соёрхон баталсан батламж бичгээ харилцан солилцов.
Энэхүү айлчлалын хамгийн гол үр дүн нь аж үйлдвэрийн хоршооллын салбарт гарсан бөгөөд талууд энэ оныг дуустал Монгол Улсад техник хэрэгслийн хамтарсан угсрах үйлдвэрүүд болон борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээний сервисийг бий болгох гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байна.
Аж үйлдвэрийн салбарт: БЕЛАЗ болон МТЗ-ийн угсрах үйлдвэрүүд байгуулагдана
Беларусийн Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецовын мэдээлснээр, талууд Минскийн тракторын заводыг түшиглэн Монгол орны цаг уур, ажлын нөхцөлд бүрэн тохирсон өндөр хүчин чадалтай МТЗ (Беларус) брэндийн тракторыг Монгол Улсын нутаг дэвсгэрт угсрах, борлуулалт болон техникийн үйлчилгээний хамтарсан төв байгуулахаар тохиролцлоо. Энэхүү хөдөө аж ахуйн техникийн угсралтын байршил, логистикийн талбайг сонгохоор Монголын талаас ажиллаж байна.
Түүнчлэн уул уурхайн салбарын гол зэвсэг болох БЕЛАЗ брэндийн аварга том карьерын өөрөө буулгагч машинуудын угсралтыг БЕЛАЗ-ын олон жилийн найдвартай түнш, Монголын үйлдвэрлэлийн тулгуур болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын баазыг түшиглэн шууд газар дээр нь зохион байгуулахаар тохиролцсон байна. Өдгөө талууд МТЗ трактор болон "Гомсельмаш"-ийн техник нийлүүлэх бэлэн контрактуудыг зураад байгаа бөгөөд "АМКОДОР", "Пожснаб" компанийн тусгай зориулалтын техникүүдийг нийлүүлэх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж байна.
Хөдөө аж ахуйн салбарт: Сүү, бод малын орчин үеийн цогцолбор баригдана
Хөдөө аж ахуйн салбарын технологийн солилцооны хүрээнд Беларусь улс Монгол Улсад технологийн бүрэн мөчлөг бүхий 1024 толгой саалийн үнээний сүү, бод малын цогцолбор (СБМЦ) барих зураг төсөл, төсвийн баримт бичгийг хүлээлгэн өгөх гэрээ байгууллаа. Энэхүү төсөл нь Беларусьт улсын барилгын магадлалын эерэг дүгнэлтийг авсан бөгөөд одоо Монгол Улсын орон нутгийн нөхцөл байдал, цаг уурын хэм хэмжээнд тохируулан нутагшуулах юм.
Хоёр орны худалдааны эргэлтэд хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн түүхий эдийн экспорт өндөр өсөлттэй байгаа бөгөөд ялангуяа сүүн бүтээгдэхүүний сегментэд хуурай тослоггүй сүүний нийлүүлэлт 2.3 дахин өсжээ. Мөн гурилан бүтээгдэхүүний экспорт 63%, соёолжийн ханд 66 гаруй %, шоколадны нийлүүлэлт бараг 13%-иар тус тус идэвхтэй нэмэгдсэн байна.
Хөнгөн үйлдвэрийн инноваци: Маалинга ба ноолуурын холимог шинэ текстиль
Салбарын хамтын ажиллагааны өөр нэгэн онцлох инновацийн алхам бол хөнгөн үйлдвэрийн салбарт байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг юм. Беларусь улс маалингаараа, Монгол Улс ноолуур, ноосоороо алдартай тул хоёр орны мэргэжилтнүүд монгол ноос, ноолуурыг Беларусийн маалингатай хольж, шинэ төрлийн нэхмэл бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна.
Үүний хүрээнд Беларусийн "Камволь" ТӨХК Монголын Ноос ноолуурын холбоо болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидтэй шууд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд өндөр зэрэглэлийн костюм, пальто хийхэд зориулагдсан өвөрмөц даавуу гаргаж авахын тулд Монголоос эхний ээлжинд 1 тонн ноолуурын ширхэгт худалдан авч, өөрсдийн технологийн тоног төхөөрөмж дээр туршихаар тохиролцжээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



