Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дууг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нарыг дуулахыг хориглосон тухай Х буюу твиттер хуудаснаа жиргэжээ. Энэ талаарх хоёр талын байр суурийг сонслоо.
Дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс тодрууллаа.
Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших өөрийнхөө Номин талст хамтлагт зохиож өгсөн бүх дууг хамтлагийн гишүүн А.Хаянхярваатай хамтран дуулахыг хориглосон тухай мэдээлэл гаргажээ. Энэ талаар та хоёрт ямар нэгэн мэдэгдэл ирсэн үү?
-Тухайн үед бидэнд зохиож өгсөн дууг бид дуулсан. Бид дуулангуут Өөжгий ах алдаршаад, бид ч гэсэн гоё дуутай болж ах дүүсийн харилцаа л үргэлжилж байсан. Одоо Зохиогчийн эрх гараад ирэхээр ер нь Өөжгий ахын ярьж байгаа зөв. Тэр хүн зохиосон дууныхаа үр өгөөж, үр шимийг хүртэж байх ёстой. Уран бүтээлчдээс үр шимээ хүртэх нь зүйн хэрэг. Тухайн үед тэр зохицуулах хууль нь байгаагүй учраас энэ үл ойлголцлын асуудал одоо л тэсэрч дэлбэрч гарч ирж байна. Тэгэхээр бид Өөжгий ахын дуунуудыг дуулах эрхээ нээлгэлээ шүү. Та нар минь дуулахдаа надад хувь өгөх ёстой шүү гэсэн л санаа. Түүнийг нь бид хүлээн зөвшөөрнө.
-Та хоёр хоёрдугаар сарын 14-ний өдөр тоглолтоо хийхээр тов зарласан. Тэгэхээр тэр тоглолтоосоо өмнө ая зохиогч Д.Өлзий-Оршихтой зохицох уу?
-Тэрнээс өмнө бид хоорондоо ярилцана. Бидний хувьд дэлхийг тойрч байгаа төсөл явж байна. Бидний энэ төсөл дөрөвдүгээр сард дуусах байх. Одоо Япон, Америк, Европын улсууд үлдсэн. Үүнээс хойш Өөжгий ахтай бид яах вэ гэдгээ ярилцана.
Ер нь хөгжмийн зохиолчид зохиосон дуугаа дуучдаар дуулуулчихаад эргээд биднийг шантаажлах ч юмуу, ийм асуудал гарахгүй байх гэж би бодож байна. Яагаад гэвэл бидний хооронд гоё ах дүүсийн, уран бүтээлчдийн харилцаа бий. Манай хөгжмийн зохиолчид ч өөрсдөө дуучдынхаа эрх ашгийг хүндэтгэх ёстой. Тэр дуучид мөнгөө төлж тэр дууг бичүүлдэг. Тэр дууг олон нийтэд түгээхийн тулд олон сар жил дуулдаг. Тэр бүхэндээ өөрийнхөө амьдралыг, цаг хугацааг зориулсан байдаг. Тэгэхээр уран бүтээлч дуучид, хөгжмийн зохиолчид бас тэнд чинь яруу найрагчид явж байгаа шүү. Хоорондоо гурвалсан талаасаа ойлголцож, гэрээ байгуулж, бид дуулвал хэдэн хувь нь очих ёстой вэ гэдэг гэрээ байгуулж, зарчим ярилцаж байж ойлголцоно уу гэхээс хэн нэгэн гэнэт гарч ирээд бидний амьдралын цаг хугацааг гэнэт боймилно гэж хэзээ ч байхгүй. Энэ бол зүгээр л ойлгоцох ёстой асуудал.
Ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Оршихоос тодрууллаа.
-Та өөрийн дуунуудаа бүгдийг нь Оюуны өмчид бүртгүүлсэн үү. Дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар таны дууг дуулахыг яагаад гэнэт хориглох болов?
-Одоохондоо үүнийг сенсацлаад хэрэггүй байх. Энэ зүгээр бидний хоорондын л асуудал.
Хавраас ер нь Оюуны өмч дээр нэлээд их юм болох байх. Ганцхан би ч гэлтгүй. Бүх талд бөөн зодоон болох байх даа.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




