13 настай охиныг цагдаагийн 4 албан хаагч хүчирхийлсэн гэх хэрэг гарч, Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийн урьдчилсан байдлаар тогтоогдоод байгааг өчигдөр мэдээлсэн. Хэрэгт холбогдсон 4 албан хаагчийн гурвыг нь гадуур шалгаж байгаа бол нэгийг нь 1 сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг Сэлэнгэ аймгийн шүүхээс гаргасан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
-Хэрэгт холбогдсон 3 албан хаагчийг гадуур шалгаж байгаа гэсэн үү?
-Тийм. Хорих үндэслэлгүй гэж үзсэн. Нэг алба хаагчийг 1 сарын хугацаанд хорих шийдвэр гарсан.
-Хотод авчирч шалгаж байгаа юу. Орон нутагт нь шалгаж байна уу?
-Орон нутагт нь шалгаж байгаа.
-Нэг алба хаагчийг нь хотоос баривчилсан гэх мэдээлэл байна?
-Бүгдийг нь Сэлэнгэ аймгаас баривчилсан.
Гурван алба хаагчийг гадуур шалгах болсон талаар Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Ганцэцэгээс тодруулахад "Манайд нэг хүнийг хорих хүсэлт ирүүлсэн. Өөр хүмүүсийг хорих тухай хүсэлт ирээгүй. Тэрхүү хүсэлтийг авч хэлэлцээд шийдвэрийг гаргасан" гэв.
Хохирогч хүүхдийг орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэдэх Түр хамгаалах байранд байрлуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж, сэтгэл зүй, эрүүл мэнд, эрх зүйн үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлын хамгаалалтад авсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




