Dark Light
Нийгэм | 2026-10-31

МОНГОЛ ЭРДЭМТНИЙ КВАНТ ФИЗИКИЙН НЭЭЛТ "PHYSICAL REVIEW RESEARCH" СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Image generated by Grok

Монгол эрдэмтний квант физикийн салбарын шинэ нээлт дэлхийн нэр хүндтэй сэтгүүл "Physical Review Research"-д хэвлэгджээ.

Квант технологи болон лазерын физикийн салбарт нэгэн шинэ алхам болсон Монгол эрдэмтний судалгааны ажил олон улсын нэр хүндтэй "Physical Review Research" (IF=4.0) шинжлэх ухааны сэтгүүлд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор хэвлэгдэн гарлаа. Гриффитийн их сургуулийн Квант болон дэвшилтэт технологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Хүрэлхүүгийн Цэндсүрэн, профессор Р.Т.Санг болон Игорь В.Литвинюк нартай хамтран "Nonclassical cutoff fluctuations in squeezed-light-driven high-harmonic generation" сэдэвт түүхэн бүтээлээ ийнхүү дэлхийн шинжлэх ухааны сонорт хүргэсэн байна.

Энэхүү судалгааны ажлаар классик бус гэрлийн квант флуктуацыг (хэлбэлзэл) өндөр эрэмбийн гармоник үүсэх (HHG) шугаман бус процессыг ашиглан хэрхэн хэмжиж болохыг онолын хувьд анх удаа батлан харуулжээ. Уламжлалт физикийн ойлголтоор хүчтэй лазерын талбарт атом хэрхэн харилцан үйлчлэлцэхийг тооцоолохдоо лазерыг жирийн сонгодог талбар гэж үздэг байсан бол нано хэмжээст орчинд вакуум талбайн квант хэлбэлзэл нь хэмжилтийн үр дүнд хүчтэй нөлөөлдөг болохыг тус судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн шахагдсан гэрлийн (squeezed light) тусламжтайгаар квант шуугианыг стандартаас доогуур түвшинд хүртэл бууруулж, лазерын гэрлийн квант чанарыг өндөр нарийвчлалтайгаар хэмжих шинэ боломжийг нээжээ.

Доктор Х.Цэндсүрэнгийн ахалсан энэхүү онолын нээлт нь ирээдүйн квант тооцоолол, квант хэмжилтийн зүй (метрологи) болон цаг хугацааны хамгийн богино хэмжигдэхүүн болох аттосекундын физикийн салбарт бодит ахиц авчрах өндөр ач холбогдолтой юм. Монгол хүний оюуны чадавх, эрдэм шинжилгээний нарийн судалгаа дэлхийн физикийн шинжлэх ухааны тэргүүн эгнээнд үнэлэгдэж, олон улсын хэмжээний томоохон нээлтийн суурь болж буй нь манай шинжлэх ухааны салбарын нэгэн бахархалт үйл явдал болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08