АНУ-ын Тагнуулын төв газар (CIA) болон Үндэсний тагнуулын захирлын албаны (ODNI) цахим сүлжээнд кибер халдлага гарч, улмаар нууцын зэрэглэлгүй мэдээллийн тодорхой хэсэг ил болсон тухай The New York Times сонин уг асуудлыг сайн мэдэх эх сурвалжуудаас эш татан Мягмар гарагт (орон нутгийн цагаар 2026.11.24) мэдээллээ.
Халдлагад өртсөн сүлжээ нь олон нийтэд нээлттэй, нууцын зэрэглэлгүй материалуудаас тагнуулын мэдээлэл хайж цуглуулах, дүн шинжилгээ хийх чиг үүрэгтэй систем байжээ. Энэхүү нээлттэй эх сурвалжийн тагнуулын (OSINT) системд дэлхийн хэвлэл мэдээллийн тойм, олон нийтийн сүлжээний нийтлэлүүд, худалдааны журмаар нийлүүлдэг өгөгдлийн сан болон арилжааны хиймэл дагуулын зураглал зэрэг асар их хэмжээний цахим мэдээлэл төвлөрдөг байна. Хэдийгээр эдгээр нь нууцын зэрэглэлгүй боловч бусад өгөгдөлтэй нэгтгэн шинжлэхэд стратегийн чухал мэдээлэл болдог аж.
Яг ямар мэдээллүүд халдлагад өртөж, гадагш задруулсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ энэхүү мэдээллийн алдагдлын улмаас АНУ-ын Засгийн газрын бусад байгууллагуудын мэдээлэл ч мөн өртсөн байх өндөр магадлалтай байгааг The New York Times онцолжээ.
НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ СИСТЕМҮҮД АЮУЛГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Associated Press агентлагт нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр ярилцлага өгсөн албаны эх сурвалжийн баталснаар, уг кибер халдлагад төрийн нууцын зэрэглэлтэй системүүд болон нууц баримт бичгүүд огт өртөөгүй бөгөөд сүлжээнд үүссэн доголдлыг хэдийнэ бүрэн засварлаж, аюулгүй байдлыг сэргээсэн байна. Үндэсний тагнуулын захирлын албанаас ч мөн “чухал хүчин чадал болон нууцын зэрэглэлтэй системүүдийн үйл ажиллагаанд ямар нэгэн тасалдал гараагүй” хэмээн мэдэгдлээ.
Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (USDA) болон Холбооны мөрдөх товчоо (FBI) зэрэг төрийн хэд хэдэн байгууллагын сүлжээнд кибер халдлага дараалан бүртгэгдэж байгаа нь тус улсын тагнуул, кибер аюулгүй байдлын албаныхны санааг ихээхэн зовоож байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



