Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд хүрэн баавгайн шилжилт хөдөлгөөн, үзэгдэх тохиолдол эрс нэмэгдсэн тул Хамгаалалтын захиргаанаас нутгийн иргэд, малчид болон аж ахуйн нэгжүүдэд хандан онцгойлон анхааруулга гаргалаа. Албан ёсны бүртгэлээр 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус бүс нутагт нийт 64 удаагийн тохиолдлоор 90 бодгаль хүрэн баавгай иргэдэд биетээр үзэгдэж, бүртгэгдсэн байна.
Байгаль хамгаалагчид болон холбогдох албаныхан зэрлэг амьтдыг хамгаалах, авран туслах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд иргэдээс хамгаалалтын захиргаанд хүргэж өгсөн долоон бамбарууш, нэг шүдлэн баавгайг тусгайлан асран хамгаалж, тэнхрүүлээд байгальд нь эргүүлэн тавьжээ.
Иймд баавгай олноор бүртгэгдсэн байршил орчимд амьдарч, нутаглаж буй нутгийн иргэд, малчин өрхүүд болон тухайн бүсэд ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн болон ажилтнуудынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахыг сануулж байна. Хөдөө хээр явахдаа сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Хэрэв хүрэн баавгайтай холбоотой шинэ ажиглалт, байршил болон яаралтай мэдээлэл байвал Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 99777844, 88023035, 80927917 дугаарын утсаар шуурхай мэдээлэх боломжтой юм.
ТАТАР МАЙДАР





Нийгэм




