Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй албаны хүмүүс өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ДЦС-3 ТӨХК болон ДЦС-4 ТӨХК-д ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлуудтай танилцан үүрэг, чиглэл өглөө.
"Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний горим ажиллагааг хоногийн 24 цагийн турш диспетчерийн зохицуулалт хийх үүрэгтэй. Тус төвийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны өвлийн их ачааллын горимд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1956 МВт хүрэх бөгөөд үүнийг дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал, импортын эрчим хүчний хангалтаар бүрэн хааж ажиллахаа илэрхийлсэн юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн мөн “ДЦС-3" ТӨХК болон “ДЦС-4" ТӨХК дахь өндөр даралтын турбин цехийн баруун талбайд ажиллав.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй турбогенератор 7 болон 9-ийн шинэчлэлийн ажил, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй зуух 2 болон 7-гийн их засварын ажлын явц болон Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн зуух 4 болон 8-ын засварын ажлыг дэлгэрэнгүй таницууллаа. Мөн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ТГ-5-н шинэчлэл, “ДЦС-6” төслийн танилцуулга мэдээллийг Засгийн газрын тэргүүнд өглөө.

“ДЦС-4” ТӨХК өнөөдрийн байдлаар 8 зуух, 7 турбинтэй, 772 МВт цахилгааныг төвийн эрчим хүчний нэгдсэн системд, 1586 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд нийлүүлж байна. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54 хувийг тус тус хангадаг эрчим хүчний эх үүсвэр юм.
2026 оны 9-н сарын байдлаар 3,455.0 сая.кВтц цахилгаан эрчим хүч боловсруулж, 3,074.0 сая.кВт цахилгаан эрчим хүч түгээжээ. Харин 3,359.9 мян.Гкал дулаан үйлдвэрлэж, түгээсэн байна.
Станцын үндсэн тоноглолын хувьд 5 зуух, 3 турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд 3 зуух, 2 турбогенераторын засварын ажил бүрэн дуусч, 2 зуух, 1 турбогенераторын засварын ажил үргэлжилж байна.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давахын тулд дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолуудаас гадна засвар шинэчлэлийн ажилд шаардлагатай 5,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус станцын хувьд 1,8 тэрбум төгрөгний санхүүжилтээр зуух №3-н экономайзерийн 1, 2-р үе, уур халаагчийн 4 үеийг бүрэн шинэчилжээ.

“ДЦС”-3 ТӨХК өнөөдрийн байдлаар 13 зуух, 7 турбинтэй, цахилгаанаар 123 МВт, дулаанаар 585 Гкал/цаг суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа 58 жил болсон байна. Уг станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 24 хувийг хангадаг эрчим хүчний эх үүсвэр юм.
Тус станц нь 2026 оны 9-н сарын байдлаар 487.1 сая.кВтц цахилгаан эрчим хүч боловсруулж, 383.6 сая.кВт цахилгаан эрчим хүч түгээжээ. Мөн уг хугацаанд 1,670.7 мян.Гкал үйлдвэрлэж, түгээсэн байна.
Станцын үндсэн тоноглолын хувьд 5 зуух, 3 турбогенераторт их болон дунд засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд 4 зуух, 2 турбогенераторын засварын ажил бүрэн дуусч, 1 зуухны засварын ажил үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 163 дугаар тогтоолоор дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд, засвар шинэчлэлийн ажлыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус станцын хувьд 2,1 тэрбум төгрөгний санхүүжилтээр зуух №4, 8-н халах гадаргууг шинэчилсэн байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа улсын хэмжээнд эрчим хүчний салбарын 46 компанийн өвөлжилтийн бэлтгэл 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцуулж, станцуудын засвар, шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай дуусгаж, өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай хангамжийг бүрэн хангахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




