Монгол улсын Гавьяат жүжигчин, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, дуучин Г.Ариунбаатар, Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Доминго нар Симон Бокканеграгийн дуурьт хамтран дуулжээ.
ОХУ-ын Марийнскийн театрт 2020.02.16-нд Испанийн нэрт дуучин, маэстро Пласидо Доминго, Монголын дуучин Г.Ариунбаатар нар хамтран дуулсан нь дуурийн урлагт дурлагсдын сонорыг мялаажээ.
Дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон Пласидо Доминго сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ. Тэрбээр уг тоглолтдоо дэлхийн шилдэг 80 гоцлол дуучинтай хамтран дуулж байв. Домингогийн тоглолтод Монгол Улсаас Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар оролцож байв.
Түүнчлэн 2012 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрыг Монгол Улсын дуучин Э.Амартүвшин, АНУ-ын дуучин Рос Костанцо нар эзэлж, энэхүү тэмцээний түүхэнд анх удаа хоёр ялагч тодорч байсан юм.