"Хичээвэл чадахгүй юм үгүй" гэх үсгийн жинхэнэ биелэл бол "The HU" хамтлагийн залуус билээ. Байгуулагдаад удаагүй ч хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж чадсан тэднийг монголчууд бүү хэл гадныхан ч таашаан сонсох болсон. Сул суудал үлдээлгүй битүү чигжсэн хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгож бусдад таашаагдана гэдэг өнөө цагт бэрх үзэгдэл. Тэгвэл Хү хамтлаг өрсөлдөөнт талбарт дэлхий дахины хөгжим болсон метал рокыг үндэсний хэв маягтай хослуулвал амжилтад хүрэх сул орон зай байгааг соргогоор мэдэрсэн нь байгаа оножээ. Өдгөө дэлхийг тойрон аялж, очсон орон бүртээ гайхагдсаар яваа Хү хамтлагийнхныг алдартай урлаг судлаачид хүртэл онилж эхэлжээ. Тэдний тухай урлаг судлаачдын дунд алдартай Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон шүүмж, магтаал нийтлэл нийтэлжээ.
"2019.09.13 Хү хамтлаг, төрөл Метал. Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид Эй-Си Ди-Си, харин одоо Монголд “Хү” байна. Дорно, Өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ. Эдгээр Монгол залуус ой тойнд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. “Хү” хамтлаг, басхүү, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм. Эхнээсээ эцэс хүртлээ толгой савчуулахад хүргэх “Гэрэг” цомог нь хэмнэллэг сор туурвил мөн. Дэвслээ цохилго нь цомгийн ноён нурууг босгож, харин дорнын аялгуу нь эл хөгжимлөг оргилуун араатныг ороон торгоож, тогтоон барих мэт. Хэви метал рок хөгжмийг хөөмэй болон Монгол ардын зэмсэгтэй зохируулсны сацуу өөр олон сонин өнгө аясыг нийтгэж өгсөн учраас энэ цомгийг нэгэнтээ эхлүүлсэн л бол хөөмэйн эгшиг, хөгжим зэмсгийн авиа аялгууг дуустал нь сонсохоос өөр аргагүй. Бүх бүтээлийн ард дэвсэц цохилго явах нь өрнийн хөгжмийн нийлэмжийн хүрэх хязгаар, үүнээс чинагш атар харь орчин ажээ.
Ойр зуур судалсны хувиар Монголын язгуур хөгжмийн зэмсгүүдийн нэрийг олсон нь Морин хуур, товшуур, төмөр хуур бөгөөд хамтлагийн дөрвөн гишүүн бүгд сонгодог хөгжмийн боловсролтой, мөн анхны энэ гоц цомгоо гаргахын тулд ихээхэн шаргуу ажилласныг олж мэдэв.Энэ цомог бүхэлдээ маш аргил найруулгатай байгаа нь хөгжмийн зэмсгийн дуугаралтаас болсон байж мэдэх ч, өнөөгийн дет метал буюу рок цомогтой харьцуулахад эгшиглэгээнд нь тийм цэвэр царгиа байхгүй мэт санагдана. Чухамдаа, энэ нь ч аятай санагдах бөгөөд өөрсдөө ч үүнийг зорьж, үүгээрээ ч илүү жинхэнэ язгуур чанараа тодотгож байна. Хү-гийн хөгжим цаанаа эртний баларлаг, адгууслаг шинжтэй нь “Сепултюра”-гийн “Язгуур” (Roots) цомгийг эрхэдгүй сануулж, сэтгэлийг хөндөн доргионо. Ерөөс хөгжим нь хүмүүний мэдрэмжийг хөглөхийн тулд л бүтээгдсэн ч, ийм чанар нь эдүгээ ховордоод байгаа билээ. Чанга, сул аль ч дуугаралтаар сонсоход ялгалгүй сонор мялаах цомог элбэг таараад байдаггүй. Гэтэл “Гэрэг”-ийг яаж ч сонсож болохуйц юм. Энэ цомгийг бясалгалын эсхүл йога дасгалын ангид дэвсгэр аялгуу болгон тоглуулж байгаагаар төсөөлж болохын зэрэгцээ энэ хэмнэлд дургин доргиж, дэвслэн түрхэрч буй хүн далайг ч бас зураглаж болно. Хэдий энэ цомог нягт хэмнэлд тулгуурлан боссон атал олонлог, эрчимлэг чанартай, тухайлбал “Их Чингис хаан”, “Эх хунгийн дуун” зэрэг дуу нь аялгууны хувьд удаан аажуу ч бүхэлдээ төгөлдөр орчныг цогцлоож чадах аж. Харин “Шөөг Шөөг” гэдэг дуу нь цомгийн хамгийн доргио дуу, энийг сонслоо л бол өөрийгөө яаж ч чадахгүй, энэ дуу өөрийг чинь барьж аваад хүссэнээрээ бөхөлзүүлж тонголзуулна. Миний зүгээс та бүхэнд гадагш гарч, өөрийн хөгжмийн хилийг зөрчин, энэ цомгийг сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Хэдийгээр юу дуулж байгааг ойлгохгүй байж болох ч, зөвхөн зах зух нь л гэж мэд. Ийнхүү, би вээр “Хү” хамтлаг далайг гатлан, домог түүхээ гал голомтод маань хүүрнэж өгөхөөр шийдэх болтугай, амьд тоглолтыг нь үзэх сэн хэмээн найдаж сууна! Үзэгчид хэрхэн доргиж буйг харахаас гадна эдгээр зэмсгээр хэрхэн хөгжимдөж хуурдаж, зэмсэг “амьдаараа” хэрхэн дуурьсдгийг үзэхийг хүснэ” гэжээ
Г.Дэлгэрмаагийн орчуулгаас...