МОНГОЛ ЖҮЖГИЙН ӨДРҮҮДЭЭР ЮУ ЮУ ҮЗЭХ ВЭ?
Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн нээлт Үндэсний болон орчин үеийн уран бүтээлүүдээс бүрдсэн "МОНГОЛ ЖҮЖГИЙН ӨДРҮҮД" үргэлжилж байна. Энэ хүрээнд театрын уран бүтээлчид Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Ш.Гүрбазар "Жаргаагүй нар", Л.Өлзийтөгс "Бүсгүйн зурвас", О.Элбэгтөгс "Надтай үлдээч", Ц.Балдорж "Хайрын виз",Э.Оюун "Би эндээс явахгүй", Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож байна.
Монгол жүжгийн өдрүүд энэ сарын 25-н хүртэл үргэлжилнэ.
1. "ТАМГАГҮЙ ТӨР" ТҮҮХЭН ЖҮЖИГ
Зохиолч Б.Лхагвасүрэн /Ардын уран зохиолч/
Ерөнхий найруулагч Ч.Найдандорж /УГЗ/
Ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/
Хөгжмийн зохиолч Х.Булган
Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгана. Хааны итгэлт шадар Эгэрэг энэ зарлигыг нь эсэргүүцэвч яаж ч чадахгүй буцахдаа их хатан Цэцэрийн хэвлийгээс төрсөн өөрийн нууц хүүхдээ хэрхэн хааны сэнтийд суулган жаргах тухайгаа сэтгэн байна. Их хатан Цэцэр өөрөөс төрсөн нялх үрээ солихыг үл хүсэвч ёсоор болгож, бага хатаны хүүг өөрийн хүүтэй солино. Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь өсч том болоход нь мэдэн гуниглаж, хаан ширээнд тохирох хүн биш хэмээн яллаж, нугасыг нь таслан, хайрт хатан Гүргэлээ хүүгээ алдан энэ хорвоод шаналж амьдрахыг нь харахгүйн тулд мөн юэгүтгэнэ. Харин хааны шадар Эгэрэг энэ бүхнийг зогсоож үл чадаад хар хорын сэтгэлдээ автахдаа хааны жинхэнэ хүүг хороон, өөрөө хаан ширээнд суухаар завдан хаантай тэрсэлдэж төрийн тамга, түмний эрхийг нэхэн байна.
2.Ц.БАЛДОРЖ "ХАЙРЫН ВИЗ" УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ
Амьдрал гэдэг бол аадар борооноос зугтах биш
Аадар бороонд бүжиглэж сурах…
Улсын драмын эрдмийн театрын 2019 оны 2 дахь шинэчлэн найруулсан уран бүтээл энэ сарын 13,14-нд 19 цагаас тоглогдоно.
Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм.
Зохиолч: Ц.Балдорж
Найруулагчаар М.Батболд
Дүрүүдэд:
-Жаргал Т.Сэргэлэн
-Цэнгэл О.Майдарравжаа
-Сүндэр. П.Мягмарсүрэн
-Ану Ц.Цэлмүүн
-Аав СТА М.Түвшинхүү
-Ээж МУГЖ Ж.Оюундарь
3. Э. ОЮУН "БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ" УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ
Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв. Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед ...
Найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Зураач УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг
Зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан
Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.
“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно. Уянгын драмын жүжиг энэ сарын 16,17-нд тоглогдоно.