Д витамин нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг тосонд уусдаг витамин бөгөөд маш олон эрхтэн, эдийн үйл ажиллагаанд оролцдог. Европын орнуудад Д витамины дутагдал 30-50%-тай байхад манай улсад бүх насныхны 98,65% нь хүнд хэлбэрийн Д витамины дутагдалтай байна. Д витамин дутагдал нь хүүхдэд рахит насанд хүрэгчдэд ясны сийрэгжилтэнд хүргэдэг бөгөөд хамгийн аймшигтай нь маш олон эрхтэн тогтолцоо гэмтэж өвчлөлд хүрдэг гэдгийг төсөөлөх ч үгүй явдаг. Д витамины дутлаас шалтгаалан даралт ихдэлт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, аутоиммуны эмгэгүүд, баруун ховдлын томрол, төрөлхийн зүрхний гажиг, халдварт өвчин, вирусын шалтгаант амьсгалын замын эмгэгүүд, ханиад томуу, архаг судасны үрэвсэл үүсдэг. Д витамины цусан дахь хэмжээ дөрвөн улиралтай шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл зун, намар, өвлийн эхэн саруудад Д витамин хэвийн хэмжээнд байдаг бол өвлийн адаг, хаврын улиралд харьцангуй багасдаг байна. Мөн эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү бага хэмжээтэй байдаг болохыг судлаачид тогтоожээ. Олон төрсөн, хөхүүл ээжүүд илүү өртөмхий байдаг бөгөөд биеийн жингийн илүүдэлтэй, ахимаг насны, суугаа ажил эрхэлдэг, биеийн ачаалал их авдаг, тамхи татдаг, нарны хамгаалалтын тос байнга хэрэглэдэг, элэг, бөөрний эмгэгтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүст Д витамины дутал элбэг байдаг байна. Бид Д витамины дутлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд өдрийн 11:00-15:00-ийн хооронд биеийн 15%-ийг наранд гарган зөвхөн 15мин болоход л тухайн өдрийн Д-гээ хангалттай авч болдог байна. Таны хүүхэд нэг л сулбагар, ядрангуй, их хөлөрдөг, байнга ханиад томуу хүрээд байна уу? Та тэгвэл эргэлзэх хэрэггүй Д витамины хэмжээг цусанд нь тодорхойлуулаад үзээрэй. Учир нь Д-ийн дуталтай хүүхэд дархлаа сул вирусийн шалтгаант ханиад томуугаар их өвчлөмтгий байдаг.