Цаг үеийн мэдээ

            Хүн төрөлхтөн амьдран буй байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулах цаг нэгэнт ирээд байгааг доорх зураг баталж байна.      Учир нь АНУ-ын Лос Анжелес хотын 58 настай Дэнни Салливан Аляска мужийн Катовикийн цасаар бүрхэгдсэн, үзэсгэлэнт газрын гэрэл зургийг буулгахаар зорьжээ. Тэрээр зураг дарж явахдаа цагаан баавгайн бамбаруушнууд нийлэг уут булаалдаж буй дүр зургийг харж, хальсанд буулгасан байна. Энэхүү зураг нь цахимд нийтлэгдсэнээр олны хараанд өртөж “ХҮН ТӨРӨЛХТНИЙ НӨЛӨӨГӨӨР ЭХ ДЭЛХИЙН АМЬТАД ХЭРХЭН АЖ ТӨРЖ БАЙНА, БИДНИЙ ХҮССЭН ДЭЛХИЙ ЭНЭ ГЭЖ ҮҮ?, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗҮГЭЭР ХАРСААР Л СУУХ УУ?” зэрэг асуудлуудыг гаргаж ирэн, хүмүүсийг энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна. 

            Энэхүү зургийнхаа талаар зурагчин Салливан “Дэлхийн дулаарлаас болж хойд туйлын мөс хайлж байна. Энэ нь туйлын амьтдын нүүдэллэх нэг шалтгаан болсон. Мөн хүн төрөлхтний үлдээсэн ул мөр, хог хаягдал, хуванцар сав зэрлэг онгон байгальд хүртэл байна шүү дээ. Энэ нь эдгээр амьтдад ямар нөлөө үзүүлж буйг бид анзаарах, арга хэмжээ авах цаг болсон. Цагаан баавгайнууд маш сониуч, аливаа зүйлийг амаараа мэдрэн олж нээх дуртай. Гэхдээ энэ нь хог хаягдал, хуванцар, нийлэг уут л биш байгаасай” гэжээ.

            ДАШРАМД МЭДЭЭЛЛЭХЭД ДЭЛХИЙ ДАЯАР ХОРОМ БҮРТ 2 САЯ ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭГДДЭГ

            Австрали дахь "University of Queensland" -ийн судалгааны багийн 1980 оноос хойш хийсэн судалгаанд онцолсноор  далай тэнгис дэх яст мэлхийнүүд 25 жилийн өмнөхөөсөө 2 дахин их пластик залгидаг болсныг олж тогтоосон байна. НҮБ-ээс мэдээлж байгаагаар, жил бүр нэг сая далай тэнгисийн шувууд болон тэнд амьдардаг 100.000 амьтад хуванцар идэж үрэгддэг байна. Түүнчлэн дэлхий дээр амьдарч байгаа шувууд болон загаснуудын 80 хувийнх нь гэдсэнд маш жижиг пластикууд байгаа нь нотлогджээ. Учир нь, хуванцар нь далайн давстай усанд ороод маш жижиг хэсгүүдэд хуваагддаг. Усаар дамжин амьтдын биед ордог байна.  Тиймээс нэг удаагийн гялгар уутны дундаж хэрэглээ 12 минут байдаг гэдгийг анхаарч ухаалаг хэрэглээг сонгоорой хүмүүс ээ!

Таны сурталчилгаа