Монгол Улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлэв.
Монгол Улсад “COVID-19”-өөр халдварласан анхны тохиолдолд бүртгэгдсэний улмаас иргэд хүнсний хомсдол үүсэх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж буй юм. Тэгвэл мах, гурил, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг Ч.Улаан сайд онцолсон юм.
Тэрбээр, “Энэ онд улсын хэмжээнд 12 мянган тонн мах нөөцөлсөн. Үүнийг Улаанбаатар хотод 279 дэлгүүрээр борлуулж буй юм. Үүний цаана аж ахуйн нэгжүүд экспортод гаргахаар бэлдсэн махны нөөц мөн бий. Өнгөрсөн жил өдөрт дунджаар 60-70 тонн мах л нийлүүлдэг байсан бол энэ жил 100-130 тонн мах нийлүүлнэ. Энэ бол бараг нэг жилийн хэрэгцээ тул махны хомсдол үүсэхгүй. Гурилын үйлдвэрүүдэд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах улаанбуудайн нөөц бий.
Үүнээс гадна өнгөрсөн сард зайлшгүй шаардлагатай стратегийн нөөцөө бэлдэх үүднээс 100 мянган тонн улаанбуудай импортлох болж, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан. Одоогоор 3-4.5 сарын гурилын нөөц бий. Будааны нөөц 2 сар, элсэн чихрийн нөөц 3 сар хүрэлцэнэ” хэмээв.
Зах зээлийн зарчмаар эрэлт их байгаа үед үнэ савлах магадлалтай. Тиймээс иргэд нөөц хангалттай үед огцом эрэлт үүсгэж, үнэд нөлөөлөхгүй байх ёстойг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.