Шинэ коронавирусний халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгосон байна.
Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлэлж өгөхийг уриалж байгаа юм байна.