АМЬДРАЛ ХҮНД БАЙНА. ТИЙМЭЭ, АВДАГ ЦАЛИН НЬ БАГА, АВАХ ЗҮЙЛС НЬ ҮНЭТЭЙ, ХҮН ЧАНАРАА ХӨЛДӨӨ ЧИРЧИХСЭН ЭНЭ НИЙГЭМД САЙХАН ЗҮЙЛС БАГА БАЙГАА НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ ЭНЭ ЯДУУ ЗҮДҮҮ АМЬДРАЛ, ЭНЭ ШУДАРГА БУС БАЙДАЛ, ЭНЭ ЦАЛИН МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАХ ХАЙР, АНХААРАЛ ХАЛАМЖИД НӨЛӨӨЛӨХ ЁСГҮЙ. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ БҮҮ ХЭЛ ӨӨРСДӨӨ ХЭРХЭН АМЬДРАХАА МЭДЭХЭЭ БОЛЬСОН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН БАЛГААР БАЛЧИР ҮРС МААНЬ ЭЛДЭВ БУСАРМАГ ЯВДЛЫН ЗОЛИОС БОЛОН АМЬ НАСАА АЛДСААР… МӨН ГЭР ОРНООСОО ДАЙЖИН ТЭНЭМЭЛ АМЬДРАЛААР АМЬДАРЧУЛМААР ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛОХ НӨХЦӨЛ МАНАЙД ХЭДИЙН БҮРДЖЭЭ.
“Дөнгөж төрсөн нялх хүүхдийг эхний хэд хоногт нь сайн уйлуул” гэх ахмадын зөвлөгөө, тоглоод гүйж явахдаа унаад уйлахад нь “эр хүн уйлдаггүй юм” хэмээн зандрах эцэг, сэвлэг даахийг илэн энхрийлэх эхийг нялуурлаа гэж загнах хэн нэгэн, энэ бүхэн Монголд хүүхэдтэй харьцдаг өдөр тутмын харилцааны нэг хэлбэр. Яагаад ч юм хүүхдийг нялх багаас нь уяхан, зөөлөн сэтгэлт байдлаас ангижруулах хүсэл монголчууд бидний дунд оршсоор ирсэн юм шиг.
МОНГОЛЧУУДЫН ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ӨВӨРМӨЦ АРГА
Хүүхдийг багаас нь томоотой, дуулгавартай болгож хүмүүжүүлэх ихээхэн "өвөрмөц" аргатай хүмүүс шүү дээ бид. Тэр нь “алганы амт, таван салаа боов” хэмээх өвөрмөц зөөлөн хэллэгтэй гар хүрэх аргаас авахуулаад суран тэлээ, чөдөр ногт хүртэл болоод явчихдаг нь үнэхээр харамсалтай. Тэгээд ч бид эрт дээр үеэсээ авах гээхийн ухаанд суралцсан ард түмэн хэмээн өөрсдийгөө хөөргөдөг атлаа эртний иймэрхүү харгис бүдүүлэг хүмүүжүүлэх аргыг өдгөө халчихаж чадахгүй л явна. Мөн гайхалтай нь манайд хэний ч хүүхдийг хэн ч зодож шийтгэж болдог, үүнийг эцэг эхчүүд нь хүлээн зөвшөөрдөг эртнээс уламжилж ирсэн тогтолцоо бий.
Энэ нийтлэлийг бичиглэгч сэтгүүлч миний сэтгэлд хариуцлагагүй балмад эцэг эхийн тухай яриа, сэдэл гарах бүрийд яагаад ч юм нүх хөёөгөө зөөж байхдаа хэдэн зулзагаа нуруугаараа дүүрэн үүрчихсэн ядарсан муу харх эх санаанд ороод байдаг юм. Өчүүхэн жижигхэн биетэй ч махан идшинд омтгойрч зан ааш нь хэрцгий мэт болсон ч өөрөөс нь унасан хэдэн өрвөгөр зулзагуудааорхиод биш чирээд явах ухаан бас хайр түүнд байх юм.
"Хайраас ухаан үүсдэг юм шүү хэмээн аав минь захидагсан. Дээхэн үед аавынхтай зэргэлдээ хоёр айл байдаг байж. Үе тэнгийн хөвгүүдтэй. Тэдгээр хөвгүүднь сахилгагүй гэж жигтэйхэн. Хоёр айлын хөвгүүд сахилгагүйтэж хэрэг тарих бүрийд аавууд өөр өөрсдийн аргаар хүмүүжүүлнэ. Нэг нь хүүгийнхээ толгойг хазаараар хага цохин зоддог бол нөгөөх нь аргаар хэлж, жишээ татан ярьж ухааруулахыг оролдоно. Эрэгтэй хүүхдийг чангахан гараар барихгүй бол задарч толгой дээр цахиур хагална хэмээн боддог аавын хүү насанд хүрээд шоронгийн мухар сахисан хүн болж дууссан".
Арга ч үгүй биз. Төрсөн аав нь хайрлах сэтгэлгүйгээр зодож занчиж өсгөсөн хүүхэд хүний хүнийг хайрладаг хүн болно гэдэг юу л бол. Харин эцэг эхийнхээ хайрыг мэдэрч, энэрэл халамжиндумбаж өссөн хүүхэд зөөлөн сэтгэлтэй, хүнийг хайрлаж мэддэг бас чаддаг хүн л болж өсөх нь тодорхой.
Юу тарина, түүнийгээ хураана гэдэг мэргэн үгний утга үүнд л оршино. Дээхэн үед үр хүүхдээ хаялаа, зодлоо, амийг нь хөнөөлөө гэсэн аймшигт мэдээ ёстой нүдний гэм мэт л цөөхөн сонсогддог байж. Өдгөө өдөр алгасалгүй л бяцхан үрсийн минь амь нас эрүүл мэнд хохирсон талаарх мэдээлэл гол горхи шиг л урсах юм.
Өнөөдөр 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна.
Уг нь томчууд бид хүүхэд эрхээ эдэлж, эрүүл саруул насанд хүрсэн хүн болохын тулд хүчирхийллээс хамгаалагдсан байх ёстой гэдгийг мэддэг ч, хүчирхийлэл ердийн үзэгдэл болон хүлээн зөвшөөрөгдсөөр л байна. Орой ажлаа тараад харихад өөдөөс угтан гүйж ирэн булбарай хөөрхөн гараараа алдлан тэвэрч, булцгарханхацраа өгөн үнсүүлэх тэр л агшин өдөржин хуралдсан муу бүхнийг зайлуулах үнэнхүү шидтэй. Гэтэл энэ л биет аз жаргалаа үгүйсгэнэ гэдэг ухаант хүний үйлдэлд харш зүйл баймаар. Чи өөрөө энэ дэлхийд хүн болон төрж, эрүүл саруул өсөж өндийсөн бол өөрийн биеэс тасарч унан энэ хорвоод ирж байгаа үр хүүхдээ эрүүл саруул өсгөх үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Эцэг эх та өөрөө хүүхдүүддээ хүчирхийлэгч биш эргэн тойронд нь отон байгаа бусдын хүчирхийллээс хана хэрэм мэт хамгаалж байх хууль эрх зүйн хариуцлагыг хүлээгчид гэдгээ ухамсарла.
Бага насны 500 гаран хүүхдийг хүчирхийлэлд хэр өртдөг талаар судлагаанд хамруулахад 10-11, 14-15 насны хүүхдүүдийн 53,2 хувь нь сургууль дээрээ, 42,3 хувьд нь гэрт нь шийтгэл байнга тохиолддог хэмээн хариулсан байдаг.
Мөн хүүхдийг гэгээрүүлж сурган хүмүүжүүлж, хамгаалах чухал үүрэг гүйцэтгэх ёстой сургууль эсрэгээр хүчирхийллийн орчин болж байгаа нь онцгойлон анхаарал татаж байгаа юм. Тэр тусмаа хүүхдийг хамгийн ихээр шийтгэдэг хүн сурган хүмүүжүүлэх гол үүрэгтэн болох багш байгаа нь Монгол Улсын Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүүхдийг бие махбодь, сэтгэл санааны хувьд шийтгэхийг хориглох” заалтыг оруулах гол үндэслэл болсон гэдгийг багш сурган хүмүүжүүлэгчдээс гадна эцэг эхчүүд ч давхар анхааралдаа авах нь чухал.
АМЕРИК ХҮҮХЭД ЗОДУУЛЖ БОЛОХГҮЙ ХАРИН МОНГОЛ ХҮҮХЭД ЗОДУУЛЖ БОЛДОГ
Хөх толботой төрсөн бяцхан үрс минь хэчнээн жудагтай билээ дээ. Тэд минь халаасны мөнгө өгөөгүйн төлөө, ширүүн дуугаар харьцсаны төлөө, найзуудтай нь зугаалуулаагүйн төлөө аав ээжийгээ цагдаад барьж өгч шүүхэд дууддаггүй.
Тиймээс аав ээжүүд минь цэцэгс мэт балчир үрдээ амьдралын толь нь болж, толинд туссан эерэг нөлөөгөөрөө үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлье. Амьдралын сайн мууг үзээгүй, ялгаж таньж мэдэхгүй, төлөвшиж гүйцээгүй насандаа яваа үр хүүхдүүд минь бидний сулхан атгасан хяналтаас гарчихаад байна. Хамгийн чухал нь таны хяналт хүчирхийлэл биш байх ёстойг үргэлж санаж яв.
Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол харгислалд өссөн хүүхэд харгис хэрцгий нэгэн болж хувирдаг нь гарцаагүй үнэн.