Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж ирэх 3 дугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас өгсөн. Харин халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдээс иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.
Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 11-328922 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.