БНХАУ-ын Ухань хотод коронавирусын халдвар гарч, хөл хорио тогтоод байгаа. Улмаар тус хотод манай улсын 33 иргэн байгаа бөгөөд тэднийг шилжүүлэн авах хүсэлтээ Гадаад харилцааны яамнаас Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна.
Харин БНХАУ-ын талаас өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа юм.
Тэгвэл уг 33 иргэнээс хоёр оюутан нь эх орондоо ирэхгүй гэдгээ албан бичгээр өгсөн талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ. Харин үлдсэн иргэдийн хувьд эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Гадаад харилцааны яам иргэдээ шилжүүлэн авахаар бэлтгэлээ хангаж, “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.