Азийн орнуудад коронавирусийн тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор вирусийн талаарх баримт, нотолгоогүй хуурамч мэдээлэл газар авч буй талаар NHK агентлаг мэдээлжээ. Тухайлбал, Сингапурын томоохон медиа компанийн сайт дээр өнгөрсөн ням гарагт тус улсад коронавирусийн халдвартай хүн нас барсан тухай мэдээлэл гарсан нь олон хүнд хүрч, цочирдуулсан байна. Одоогоор Сингапурт вирусийн халдвар авсан хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг тус улсын Засгийн газраас албан ёсоор мэдэгдээд байна.
Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд С.Исваран Засгийн газар ийм хуурамч мэдээлэлтэй хатуу тэмцэнэ гэдгийг онцолжээ. Сингапураас гадна Малайз, Тайваньд вирусийн талаар хуурамч мэдээлэл хүчээ аваад байгаа аж. Тиймээс дээрх орнуудад хуурамч мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүнийг олж, тогтоон торгох арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.