Шинэ төрлийн вирус дэлгэрч, хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, хүн төрөлхтнийг цочроож байна. Дэлхийн 23 улсад энэ аймшигт өвчний халдвар бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо 11897 хүрч, нас барсан хүний тоо 200 давлаа.
Энэ өдрүүдэд зарим улс орон хилээ хааж, шаардлагатай биш бол гадны улс орнуудад зорчихгүй байхыг анхааруулж хөл хорио тогтоогоод байна. Манай улсын хувьд энэ өвчний эсрэг зохих арга хэмжээг авч байгаа ч зарим зүйлсийг энд бичихгүй өнгөрч боломгүй санагдлаа.
Хэдий аймшигт өвчин дэгдээд байгаа ч ажил амьдрал үргэлжлэх ёстой энэ л өдрүүдэд БНСУ-д албан ажлаар зорчоод ирсэн иргэн А /нэрийг нууцлав/ бидэнд хандсан юм. Тэрээр 10 гаруй хоногийн өмнө албан томилолтоор БНСУ-д ажиллаад өнгөрсөн бямба гарагийн /2-р сарын 1/ шөнө 23.30 цагт МИАТ-ын нисэх буудалд буужээ. Түүнийг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд энэ өвчний зургаан тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байжээ. Түүний биеийн байдал хэвийн байсан ч тэрээр уг аймшигт вирусын тээгч биш гэдгээ баталгаажуулахыг хүсэж. Харин онгоцны буудал дээр зорчигчдын зөвхөн халууныг л шалгаж нэвтрүүлж байсан тул тэрээр шууд ХӨСҮТ-ийг зорьсон байна. Шөнийн 01.00 цагт ХӨСҮТ дээр очиж, учир байдлаа хэлж сайн дураар шинжилгээ өгөх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Гэтэл ХӨСҮТ-ийн жижүүр эмч түүнд "сайн дураараа ирж байгаа хүмүүсээс шинжилгээ авахгүй байгаа, гэсэн ч таныг харахад ямар нэгэн өвчний шинж тэмдэг харагдахгүй байна" хэмээсэн хариуг өгсөн байна.
Манай ХӨСҮТ-ийн эмч нар хүний гаднаас нь хараад л шинжилчихдэг болтлоо төгсөрсөн үү аль эсвэл цөөхөн ирсэн оношлуураа харамлав уу?
Манай улсын хувьд коронавирусын өндөр дэгдэлттэй Хятад улстай хиллэдэг хэдий ч энэ вирусын тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь сайшаалтай л хэрэг. Гэхдээ өдөрт хэдэн арваараа гадаадад зорчиод ирж буй иргэдээ зөвхөн халууныг нь шалгасан төдий болоод оруулаад байвал хэцүү л байна. Уг вирусын халдварын далд үе нь 14 хоног гэсэн. Гэтэл халуун илрээгүй ч далд үедээ байгаа хүмүүс хилээр ороод ирвэл яах вэ? Монголчууд бид цөөхүүлээ, ариун цэвэр, өөрийгөө хамгаалах дадал суурьшаагүй хүмүүс дороо л энэ аймшигт өвчинд идэгдээд дуусна. Гэтэл үүргээ ухамсарлаад сайн дураараа шинжилгээ өгье гэсэн хүмүүсээсээ оношлуураа харамлан буцааж байгаа нь дэндүү хариуцлагагүй санагдана. Уг нь хариуцдаг яам нь хариуцлагатай байж энэ мэт оношлуураа хангалттай бэлдэж Монголчуудаа бүгдийг нь шинжилгээнд хамруулсан ч болохгүй газар үгүй мэт. Монголчууд бид 3 саяулаа. Харин коронавирусын голомт болсон Ухань хот 30 сая хүн амтай. Гэхдээ тэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тэмцсээр л. Бодох л асуудал.