Хурдтай мэдээллийн эрин зуунд амьдарч буйн давуу тал нь эх оронд өрнөж буй мэдээ мэдээллээс авахуулаад дэлхий дахины сонин хачныг дэргэд байгаа мэтээр сонсчихож байна. Гэхдээ сайнаас илүү саар мэдээлэл давамгайлсан энэ л өдрүүдэд дэлхийн 25 оронд тархсан коронавирусийн халдварын тухай, энэ тахлаас шалтгаалсан асар их үхлийн тухай аймшигт мэдээлэлүүд цаг минут тутамд тархи руу хүчээр чихэгдсэнээс болж бид дөжрөх тал руугаа нэгэнт оржээ. Хэт их мэдээлэл зарим талаар таагүй зүйлсийг дагуулдаг учраас өдгөө энэ өвчнөөс айж эмээх бидний цочроо нэгэнт үгүй болсон нэг жишээ нь амны хаалтгүй хөлхөж байгаа энэ олон хүмүүс юм.
Нөгөө талаар манай нийгэм коронавирусийн эсрэг нэгдсэн тэмцэл өрнүүлж чадахгүй байгаагаас зарим иргэд энэ вирусыг энгийн л нэг өвчинтэй эндүүрч алгуурлах нэг шалтаг болж байна.
Жишээ дурдвал залуусын хөл хөдөлгөөнийг хорьсон мөртлөө баар цэнгээний газраа хаадаггүй. Олуулаа нэг дор бөөгнөрөхийг хорьж байгаа ч хоолны газруудын ариутгал халдваргүйжүүлэлт дорой буурай хэвээр. Сар шинийн баярыг хөл хөдөлгөөнтэй тэмдэглэхийг хорьж байгаа ч үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарч тэнд нь амны хаалтгүй Монголчууд бөөнөөр холхилдсоор. Ам ажил нь зөрдөг Монголчуудын нийтлэг араншин энэ мэт дэлхий нийтийг донсолгосон аймшигт өвчний үед ч зөрчилдсөөр байна.
Мөн энд дурдахгүй өнгөрч боломгүй нэг зүйл нь дэлгүүр болгон "амталгаа" нэрийн доор буталсан боов, жигнэмэг, чихэр мэтийг олны дунд дэлгэж, тэндээс нь хүүхэд томчуудгүй гараараа авч идэж байгаа нь дэндүү аймшигтай дүр зураг.
Жижиг дэлгүүрүүдийг байг гэхэд Е Март, Номин зэрэг томоохон дэлгүүрүүд энэ мэт хариуцлагагүй үйл ажиллагаагаа зогсоож бусдад зөв үлгэр дууриалал болмоор санагдана.
Уг нь коронавирус нь амьтнаас хүнд халдахаас гадна хүнээс хүнд халдаж байгаа нь тодорхой болсон. Халдварлахдаа агаар дуслын замаар хамар, аманд вирус орох байдлаар халдахын зэрэгцээ нүдэнд вирус орсон тохиолдолд мөн адил халдвар авч байна. Мөн 2003 онд дэгдэж дэлхий дахиныг айдаст автуулж байсан SARS-тай харьцуулахад коронавирус нь тархалтын хувьд өргөн хүрээг хурдацтай хамарч байгаа ч үхэлд хүргэх тохиолдол нь гурван дахин их байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Амны хаалт зүүгээгүй та коронавирусийн халдвар автлаа хаа ч юм гэж бодож байгаа бол доорхи зурагт анхаарлаа хандуулна уу? Улаан жижигхэн толбонууд коронавирус. Хэмжээ маш жижиг. Харин тэр том цагаан дугуй нь хүний толгойн үсний сүв. Дунд зэрэг цагаан дугуй нь нэг удаагийн маскны нүхний хэмжээ. Хамгийн доор байгаа жижиг цагаан дугуй нь N95 маскны нүх. Энгийнээр тайлбарлахад зориулалтын маск ч биднийг энэ виурсээс бүрэн хамгаалж чадахгүй гэдгийг та одоо ойлгосон биз.
Тиймээс та яг одооноос дэмий гадуур бүү яв, олон хүн цугласан газар бүү оч. Өөрийгөө болон өрөөлийн эрүүл мэндэд санаа тавигтун.