УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэд ахмадын амралт, сувилал барина гэх нэрийдлээр бусдын болон өөрсдийн нэр дээр их хэмжээний газар авч, орон сууцны хороолол барьжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон байна.