Нус, шүлсээ ил задгай хаявал арга хэмжээ авдаг хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ. Энэ дагуу холбогдох албаныхан хяналтаа чангатгаж, зөрчил гаргасан 200 иргэнд торгууль ногдуулсан байна.
Уг хуулийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа юм.
Иймд халдварт өвчний тархалтаас сэрэмжилж байгаа энэ үед иргэд өөрсдийн болон бусдыг хүндэлж, гудамж, олны нийтийн газар биеэ зөв зохистой авч явахыг уриалж байна.