Дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд туслах үүднээс иргэд аж ахуй нэгжүүд сэтгэлийн хандив өгсөөр байгаа. Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штаб болон энхийг сахиулагчдаас 12 сая 600 мянган төгрөгийн хамгаалах хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, уусмалыг цэргийн төв эмнэлэгт гардуулан өглөө. Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын үед тусгаарлах 570 ор бэлтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 68 хүнийг тусгаарлаад байна.
Уг хандивийн ажиллагаанд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчний 9-р ээлжийн цэргийн баг, Бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэгт хүчний 10-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн зэрэг 1000 гаруй цэргийн алба хаагч, ажилтны сэтгэлийн дэмээр бүрджээ.