Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "COVID-19" халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу ХБНГУ-д богино хугацааны визтэй зорчсон хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдээ тусгай захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв.
Ингэхдээ Монгол Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу ХБНГУ-аас нутаг буцах монгол иргэдийг "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулахад германы талаас дэмжлэг хүсэв. Мөн визний хугацаа нь дуусгавар болж буй манай иргэдийн визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ "COVID-19"-ийн эсрэг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлээд Берлин рүү тусгай захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж, хариу өгөхөө мэдэгдэв.