Цаг үеийн мэдээ

Д.Хишигт: "Миний хувьд хамгийн сайхан мэргэжил гэвэл найруулагч, хамгаас сонирхолтой ажил гэвэл кино найруулах юм". 

Амьдрал гэдэг агуу хэрнээ дэндүү өрнүүн байх аж. Хүмүүнийг орчлонг таньж ухаарч асан балчир жаахандаа шимтэн үздэг "Эрх цагаан", "Тус", "Эвтэй дөрвөн амьтан" зэрэг хүүхэлдэйн кинонууд, "Нүүдэл", "Нүгэлт хар гөрөөчин", "Ингэн эгшиг" зэрэг олон арван баримтат киног найруулсан найруулагч, монгол түмний бахархал "Гарьд магнай", "Тод магнай", "Цэц магнай" уран сайхны кинонуудын зохиолч энэ эрхэм хүнтэй нүүр тулж уулзана чинээ санаагүй явж. Монголын кино урлагт үгээр илэрхийлж, үнэлэмжээр тогтоомгүй үнэ цэнэтэй бүтээлүүдийг туурвиж, тэр хэрээр сэтгүүл зүйд олон арван залуу боловсон хүчин төрүүлсэн УГЗ найруулагч Дэмидийн Хишигт хэмээх энэ эрхэм хүнийг хүндэтгэн Ярилцлагынхаа зочин хойморт урилаа.

Зө.мн: – Хүн бүрийн хүүхэд насны дурсамж хоорондоо эрс ялгаатай, хэзээ ч давтагдашгүй гайхамшигтай зохиол мэт байдаг. Та хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?

Д.Х: – Би Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Багаасаа л их сониуч хүүхэд байлаа. Улмаар сумынхаа сургуульд элсэн орсон. Миний хүүхэд насанд үлдсэн нэг тод дурсамж байдаг юм. 1944 оны хавар сургууль маань их эрт тарж зуны амралт эхэлчихлээ.  Нэг өглөө боссон манай бэр эгч хачин шовгор малгай өмчихсөн зогсож байна. Би гайхаад “Та юу өмсчихөөв?” гэтэл “Кинонд кураг авахуулна, чи дагаж яваад харахгүй юу” гэлээ. Би ч юу гэж үлдэхэв дагаад л явлаа. Гэтэл манай нутаг  “Цогт тайж” киноны байлдаантай хэсгүүдийн зураг авч, ардууд олны хэсэгт оролцож байгаа нь тэр байж. Ёстой үзээгүй юмаа үзсэн балчир хүү алдартай жүжигчдийг харж гайхаж биширч байлаа. Ингээд найз нарын хамт зураг авалтыг харж алмайран сууж байтал нэг ах ирээд (Арслан тайж)“ За хүүхдүүд юу хийж сууж байна?” гэв. Бид ч яахав гоё ахыг харж айх гайхах зэрэгцээд толгойгоо маажиж гоё юм харж байна л  гэлээ.  Гэтэл тэр ах “Та нар бидний ажилд туслах уу?” гэж байна. Уухайн тас тэгий л гэлээ. Ухаандаа кинонд тоглуулах нь гэж бодохгүй юу. Гэтэл биднээр зургийн талбайд гээгдэж хаягдсан сэлэм, малгай, хувцас гээд эд хэрэглэлийг цуглуулах ажил хийлгэлээ. (инээв)  Байлдаан болж байгаа газар их юм хаягддаг юм байж л дээ.  Бидний дөрвөн найз нэг машины тэвш дүүрэн эд хэрэглэл цуглуулж өгч атга дүүрэн том чихрээр шагнуулж байлаа. Эндээс л миний кино урлагт тэмүүлэх дур сонирхол эхэлсэн юм даа. 

Зө.мн: – Урлаг тэр дундаа кино урлагт амьдрахын тулд балчир хүүгийн эхний  алхам юу байв?

Д.Х: –Намар хичээл эхэллээ. Би яахав нэг л их жүжигчнээр өвчилсөн хүн. Тухайн үед манай ангийн багш С.Доржпалам гуай байлаа. Яагаав “Ардын элч” киноны  Ариунаагийн нөхөр. Багш маань бидэнд гадна дотны гоё гоё зохиолууд ярьж өгнө. Нэг өдөр биднийг Пушкиний “Хоригдол” шүлгийг цээжилж ирэхийг даалгав. Би тэрнийг нь дор нь цээжилчихсэн. Тэгээд хичээл дээр уншлаа. “ Хүний гарт тэжээгдсэн залуу бүргэд, чийгтэй торны цаана цуст идээг тошном” гээд л жүжигчин шиг гараа алдлаад хумиад л уншлаа. Аминдаа жүжигчний тоглолт гаргаж байгаа нь тэр. Гэтэл тэр нь багшид таалагдчихаж. Тэрнээс хойш багш маань сургуулийн концертод намайг оруулдаг боллоо. Ингээд 1946 онд Улаанбаатарт бүх ард түмний урлагийн олимпиад болж тэр жил манай сургууль аймагтаа тэргүүн байр эзлээд Улаанбаатарт ирж тоглосон юм.  Би Аюуш баатрын тухай багшийнхаа зохиож өгсөн шүлгийг Бөмбөгөр ногоон театрын тайзан дээр гарч уншсан. Анхны том тайзан дээр шүлгээ их л сэтгэл хөдлөлтэй уншсан. 

Зө.мн: – Хүний хувь тохиол гэдэг тааварлахын аргагүй бэлэг гэдэг. Таныг хотод урлагийн сургуульд ороход ангийн багш тань танд их том дурсамж үлдээсэн хүн байсан гэсэн?

Д.Х: –(инээв) .  Хотод урлагийн наадамд оролцож ирээд хичээлдээ ихэд мэрийлээ. Би хааяа дунд авчихдаг сурагч байлаа. Учир нь Арслан тайж буюу н.Цэрэндэндэв гуай намайг урлагийн сургуульд орье гэвэл эхлээд онц сураарай гэсэн юм.  Ингээд  зургадугаар ангиа онцсайн дүнтэй төгсөж, сургуулийн захиргаа надад сайн төгссөн гэсэн тамгатай бичиг үйлдэж өгөөд Улаанбаатарт ирлээ. Улмаар урлагийн сургуульд шалгуулаад тэнцдэг юм байна. Гэтэл яасан гээч ангийн маань багш өнөөх Цогт тайж (Ц.Цэгмид)  байдаг байгаа. Хувь тавилан гэж сонин юм шүү. Сургуульд маань Ардын жүжигчин А.Очирбат, найруулагч жүжигчин Ц.Цэрэндорж, Д.Маамхүү зэрэг алтан үеийн уран бүтээлчидтэй хамт суралцаж төгссөн.

Зө.мн: – Таны анхны бие дааж хийсэн уран бүтээл ямар бүтээл байв?

Д.Х: – 1950 онд Хүүхдийн театрт хувиарлагдан ирээд “Үнэн үр”, “Би гэртээ харихсан” зэрэг жүжгээр уран бүтээлийн гараагаа эхэлж, 1954 онд “Шинэ жил” уран сайхны кино, хоёр жилийн хойно “Цэргийн хүү” киноны Навааны дүрд тоглосон.

Улмаар 1960 онд Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар ажилд орж байлаа.  Тухайн үед Монгол Германы хамтарсан “Алтан өргөө” кино хийгдэж, миний бие тухайн киноны туслах найруулагчаар томилогдлоо. Туслах найруулагчийн ажил даанч их дээ. Жүжигчнээ сонгоно, зохиолоо хувилна, зохиолоо жүжигчидтэйгээ нийлнэ гээд харих завгүй л гүйдэг байсан. ЗХУ-д телевизийн курсэд сурч байхад чөлөөт цагаараа кино их үздэг байлаа. Тэгж яваад хэд хэдэн орны бөхийн тухай кино үзэж, түүнээсээ улбаалан үндэсний бөхийн тухай кино хийж болмоор санагдаад, төлөвлөгөө гаргачихаад ирсэн. Ирээд Ж.Бунтарт санаагаа хэлтэл “Ёстой сайхан кино болох нь. Бичээдэх. Би найруулна” гэлээ. Тэгж “Гарьд магнай” кино маань төрсөн. “Гарьд магнай”-г гарсны дараа Соёлын яамны Утга зохиолын хэлтсийн дарга Ч.Чимид “Бөхийн тухай кино чинь аятайхан болсон байна. Одоо хурдан морь, сур харвааны тухай кино хийгээч” гэснээр зориг орж, “Тод магнай”, “Цэц магнай” хоёрын зохиолыг мөн Ш.Сүрэнжавтайгаа хамтарч бичсэн дээ.

 

“Телекино” үйлдвэр ажилласан 20 жилд 3 сая гаруй метр хальс телевизийн нэвтрүүлэгт бэлдсэн

Зө.мн: – Телевизийн алтан санд таниар овоглогдох 100 хол давсан баримтат кино бүтээлүүд бий гэдэг?

Д.Х: – Тухайн үед телевизийн алтан санг бүрдүүлэх ажлууд, олон улсын уралдаан тэмцээнд теле кино үйлдвэрийн уран бүтээлчдийн бүтээлүүд оролцох ёстой учраас хичээл зүтгэлээ зориулах ёстой он жилүүд байлаа.  Тухайн үед “Өргөн алаг шишгэд", "Суварга хайрхны хишиг", "Баян бүрдийн тавилан", "Тоосгочдын бүтээлч санаачлага", "Монгол гэр", Монгол эмээл, "Их хааны сүүлчийн зун" зэрэг баримтат кинонууд,"Баясгалан" , "Тус биш ус", "Өнчин ишигний дууль" зэрэг уран сайхны кинонууд, "Анхны яргуй", "Монгол уянгаас", "Учиртай гурван толгой" зэрэг теле жүжгүүд, "Тус", "Жигүүр" , "Эрх цагаан", "Бамбар нөхөр эрсэн нь" зэрэг монголын анхны хүүхэлдэйн кинонуудыг найруулж байлаа.

Зө.мн: – Та нэлээд олон жил РТДС–д багшилсан. Таны шавь болсондоо бахархаж баярлаж явдаг хүмүүс олон байдаг юм билээ?

Д.Х: – Миний сайных биш ээ. Намайг дэмждэг манай сургуулийн хамт олон, Э.Сонинтогос захирал, миний оюутнууд зэрэг олон хүмүүсийн ач юм. 1996 онд би чөлөөнд гарсан уран бүтээлч болчихсон байлаа. Харин нэг өдөр нэрт найруулагч Б.Бадарууган тааралдаад “Хишигт багшаа би сургууль байгуулж байгаа. Та манай сургуульд багшлаарай” гэлээ.Би тухайн үед за ч гэж хэлж чадаагүй, өөртөө их эргэлзсэн. Ингээд нэлээд удаан бодсоны эцэст багшлахаар болсон доо. Олон сайхан хүүхдүүд дунд ороод уран бүтээлч санаа минь эргээд сэргэсэн. Хүүхэд залуус гэдэг цаанаа л эерэг сайхан, уран бүтээлч хүнд онгод бэлэглэгчид юм. Надад сайн шавь нар олон бий. Намар болохоор хүүхдүүдээ дагуулаад эх орныхоо байгаль, түүхийн дурсгалт газруудаар явж, нэвтрүүлэг, баримтат киноны материал бэлдээд явах сайхан даа. Би “Дамжуулах үг” гэж ном бичсэн. Эрдэмтэн мэргэд багш нараасаа сурч мэдэж сонссон зүйлээ бичиж тэмдэглэснээ ном болгож оюутан сурагч нартаа үлдээж байгаа юм. Тэрнээс би сайндаа ном бичсэнгүй шив дээ (инээв).  Мөн “Гарьд магнай” ерөнхий нэрийн дор Ш.Сүрэнжавтай хамтарч бичсэн гурван магнай киноны зохиол мөн баримтат киноныхоо зохиолуудыг оруулсан нэг  ном бий юм байна.

Зө.мн: – Уран бүтээлч хүнд гэр бүлийн хайр халамж их хэрэгтэй гэдэг юм билээ. Та гэр бүлээ танилцуулаач?

Д.Х: – Тэгэлгүй яахав. Миний ханийг н.Пүрэвдаваа гэдэг байлаа. Бид хоёр 1956 онд нэг гэрт орсон. Сайхан хүүтэй, их ч эрхлүүлж өсгөсөн. Хань маань тухайн үед театрт шанз хөгжим тоглодог байлаа. Улмаар 4 жил төгөлдөр хуурын ангид сурч төгсөөд  ХБДС–д 30 гаруй жил төгөлдөр хуурын багшаар ажиллаж, олон сайхан шавь төрүүлсэн. Бид хоёул уран бүтээлч хүмүүс.  Бие биенийхээ ажил мэргэжлийг их ч хүндэлдэг, итгэлцдэг байлаа. Баримтат кино хийж байх үед жилийн цөөхөн хоногийг л гэртээ өнгөрөөдөг, тийм ажил ихтэй байсан. Ид ажиллаж байх үедээ би гэр орны ажлыг үнэхээр мэддэггүй байв. Хоол цай хийх, хүнс ногоо цуглуулах, хувцас угааж индүүдэх, үр хүүхдээ асарч өсгөх бүгдийг эхнэр минь хийнэ. Дээр нь миний эцэг эхийг асарч тэтгэнэ. Би энэ бүхнээс ангид л явсан даа. Хань минь 1995 онд хорвоогийн жамаар бурхны орондоо явсан даа. Ер нь уран бүтээлч хүн гэдэг уран бүтээлээсээ өөр зүйлийг хайхарч чадахгүй явсаар л дуусдаг юм байна. 

Зө.мн: – Таньд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээг!

 

Таны сурталчилгаа