Цаг үеийн мэдээ

       

      Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурызын баяр юм. Өдөр, шөнө хоёр тэнцдэг гурав¬дугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Ийнхүү түүнийг "Наурыз” хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын болгон тэмдэг¬лэдэг ёс тогтжээ.

Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг. Баярын урд орой айл болгон көже идээгээ бэлтгэж баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг. Көже нь баярын гол зоог, ихээхэн хүндэтгэлтэй идээ гэхэд орц нь тун энгийн. Түүнд ус, мах, давс, үр тариа (энэ нь цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишийн аль нь ч байж болно), цагаан идээ, тос, гурил гэсэн долоон зүйл ордог. Мөн хонины сүүж, чанасан толгой заавал тавьдаг байна. Эдгээр нь баяр баясгалан, амжилт ололт, цэцэн ухаан, эрүүл энх, хангалуун амьдрал, овсгоо самбаа, агуу их хийгээд тэнгэр бурхны авралыг бэлгэддэг гэнэ.

       Баярын өдөр ахмад настныдаа эхэлж цуглах бөгөөд тэр нь бусдадаа сайн сайхныг бэлгэдэн ерөөлийн үг хэлнэ. Бас нэг зүйлийг сонирхуулахад, манайхны зурхайч, төлгөч нартай төстэй сауегей хэмээгчид баярын өмнө мэргэ төлгө үйлдэж, ирэх жилийн өнгө ямар байхыг олон түмэнд айлддаг байна. 

Наурызыг нийтээр гуравдугаар сарын 22-нд тогтмол тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэхүү баяраар архи огт хэрэг¬лэдэггүй. Энэ нь Лалынхны ёсонд "харам” буюу архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үзэж ирсэнтэй нь холбоотой гэдэг. 

       Наурызын өглөө эрт казахууд нар мандахыг хардаг. Энэ үндэстэн эмээгээ "апа” гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан хөөрч баяр¬ла¬сан ач, зээ нар нь эмээгээсээ "шашу” хэмээх хишиг хүртэх гэж холоос шуугилдан ирдэг. Цагаан өнгийн гоёмсог алчуур толгойдоо ороож, үсээ далдалсан эмээ нар баяр ёслолоор хишиг тараадаг нь өнөөдрийг хүртэл уламжлагджээ.

Ингэхдээ тэд шашуг хүн бүрийн гарт тусгайлан атгуулдаггүй. Зөвхөн дастархан (их идээ)-ыг тойрон суу-гаа зочдын дунд цацаж хүртээдэг. Наурызыг апа нарын шашугүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд шашу нь зөвхөн чихэр боов байдаг. Гэхдээ тэр хишгийг хүртсэн нэгнийг амны билэгтэй хэмээн бэлгэшээдэгт хамаг учир буй ажээ.

 

 

 

 

 

Таны сурталчилгаа