Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал эрс дулаарч байгаагаас үүдэж гол мөрний мөс хэврэгшиж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажилсан байна.
Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт багасан, хэврэгшсэн байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэрэгт онцгой анхаарал хандуулахыг сэрэмжлүүллээ.