Цаг үеийн мэдээ


International Theatre Institute ITI
World Organization for the Performing Arts

2020 Дэлхийн театрын өдрийн мэндчилгээ 

Олон улсын театрын институт анх 1962 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дэлхийн Театрыг санаачлан “Үндэстнүүдийн театр”-ын улирлыг Парис хотноо нээн эхлүүлж байв. Энэ өдрөөс хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны энэ өдрийг олон улс даяар Дэлхийн Театрын Өдөр болсон тэмдэглэсээр ирсэн билээ.

Дэлхийн Театрын Өдрийг тэмдэглэхдээ жил бүр театрын алдартнуудаас сонгон театрын урлагийг таниулах, урлагийн үнэ цэнэ ач холбогдлыг ойлгуулах зорилгоор уриалга мэндчилгээ гарган тус институтээс гарган дэлхий нийтэд хүргэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу 2020 оны Дэлхийн Театрын Өдрөөр Пакистан улсын иргэн, жүжгийн зохиолч бөгөөд Пакистаны “Ажока” театрын тэргүүн ноён Шахид Надеемын уриалга мэндчилгээг хүргэж байна.

Театр - Ариун Сүм лугаа адил

Миний хувьд 2020 Дэлхийн театрын өдрийн мэндчилгээг бичнэ гэдэг нэн хүндэтгэл хүлээлгэж буй хэрэг. Энэхүү хүндэтгэлийг талархан хүлээн авахын сацуу ITI (Олон улсын театрын институт) хэмээх өнөө цагт дэлхийн театрын бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон хамгийн нөлөө бүхий байгууллага Пакистаны театр болон Пакистан улсыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж бодоход сэтгэл догдлон баяртай байна. Энэ хүндэтгэлийг хамтран хүртэх эрхтэй хүн бол хоёр жилийн өмнө хорвоог орхисон миний нэг насны хайрт хань, Ажока театрын үүсгэн байгуулагч, театрын бахархал билгэдэл болсон Мадееха Гаухар билээ. Ажока театр их урт, хүнд хэцүү замыг, бараг л гудамжнаас театр хүрэх замыг туулсан. Энэ бол аль ч театрын туулдаг л зам гэдэг нь мэдээж. Бидний туулдаг зам хэзээ ч амар хялбар бас шулуун дардан байдаггүй. Энэ бол үүрд мөнхийн тэмцэл, зөрчил байдаг.

Би лалын шашинд улсад амьдарч, хэд хэдэн цэргийн дарангуйлалыг, шашын хэт бүлэглэлийнхний аймшигт аллагыг болон хэдэн мянганы турш түүх, соёлын өв уламжлалаараа салшгүй холбогдсон хөрш Энэтхэг улсад зарласан гурван дайныг үзэж гэрч болсон хүн. Хоёул цөмийн зэвсгээр хөөцөлддөг улс тул бид өнөөдөр ч гэсэн ах дүү мэт хөрш улсдаа дайн зарлах вий гэсэн айдастай, тэр дайн нь цөмийн дайн байх вий гэсэн түгшүүртэй амьдарч байна.

“Цөвүүн цаг театрын хувьд сайн цаг” гэж бид заримдаа ёжлон хэлдэг. Тулахаас өөр аргагүй сорилт, илчлэхгүй байж боломгүй зөрчил, түлхэн унагаагдахгүй байр суурь гэж үгүй.  Миний Ажока театр надтай хамт 36 жилийн турш энэ л нарийн олсон дээгүүр дэнчигнэн явсаар өнөөг хүрлээ. Туулсан зам маань жигтэйхэн нарийн олс мэт байсан: зугаа наадам ба боловсрол, өнгөрсөн түүхээ судлан түүнээс суралцах болон ирээдүйдээ бэлтгэх, бүтээлчээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх ба эрх мэдэлтнүүдийн шаардлагад нийцүүлэх хоорондын тэнцвэрийг олох адармаатай аялал, нийгмийн асуудалд шүүмжлэлтэй ханддаг оюун санааны түүчээ эсвэл санхүүгийн хувьд бие даасан театр байх, нийтийн уран бүтээлч байх ба авангард уран бүтээлч байх хоорондын тэнцвэрийг олж барих гэдэг ярвигтай замыг туулсан. Театрын уран бүтээлч бол шидтэн, илбэч байх гэж хэн нэг нь хэлж болох л юм.

Пакистанд Ариун болон Эгэл хүмүүсийн хооронд маш тодорхой зааг ялгаа бий. Эгэл бидний хувьд шашны талаар асуух ямар ч орон зай байхгүй, гэтэл Ариун хүмүүсийн хувьд шинэ санааг нээлттэй хүлээн авч шүүн хэлэлцэх орон зай нь байхгүй. Үнэн чанартаа, хуучныг баримтлагч нийгмийн тогтсон жаягаар урлаг, соёлыг өөрсдийн “ариун тоглоом”-ын хил хязгаараас гадуур зүйл гэж үздэг. Тиймээс тайзны уран бүтээлчдийн тоглох талбай нь саадтай гүйлтийн талбайтай ижил. Эхлээд дэд лалын шашны үнэн сүсэгтэн, бас сайн иргэд болохоо батлах ёстой, бас тэд лалын шашинд “хүлээн зөвшөөрөгдөх” бүжиг, хөгжим, театрыг бий болгохыг зорих ёстой. Бүжиг, хөгжим, театрын элементүүд өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг боловч үүнийгээ хөгжүүлэх тухайд эргэлзсээр буй маш олон лалын сүсэгтнүүд бий. Ингээд л бид соёлын доторх далд соёл буюу ариун гэгээн болон эгэл жирийн хүмүүсийг нэг тайзан дээр авчрахаас өөр аргагүй байдалд ордог.

Пакистанд цэргийн дарангуйлал ноёрхсон 1980-аад оны үед хэсэг залуус театраар дамжуулан дарангуйллын засаглал, нийгмийн болон улс төрийн эсэргүүцлээ хүчтэй бөгөөд зоригтойгоор илэрхийлэхээр Ажока театрыг санаачлан байгуулж байв. Тэд 300 гаруй жилийн тэртээ амьдарч байсан суфи найраглалууд нь тэдний мэдрэмж, уур хилэн, зовнил шаналалыг гайхалтай ижил илэрхийлж байгааг олж харсан юм. Тэр бол суфи найрагч аугаа Булле Шах байв. Түүний шүлгүүдээр дамжуулан улс төрийн эрх мэдэлтнүүдийн авилга хахуульд идэгдсэн байдлыг болон шашны тогтолцоогоор хэрхэн эрх чөлөөг боомилон хааж байгаа илчилсэн улс төрийн тэсрэлт болохуйц мэдэгдэл хийж болохыг Ажока театрынхан олж харсан. Эрх мэдэлтнүүдийг биднийг хавчин, хааж хорьж болох ч олноо алдаршсан, ард түмний хүндэтгэлийг хүлээсэн их найрагч Булле Шахыг бол чадахгүй. Түүний амьдрал нь яруу найраг шигээ сэтгэл донсолгом бас язгуур чанартай байсан тул энэ нь түүнд фатвас буюу амьд ахуйдаа цөллөгдсөн хэмээх алдрыг авчирсаныг бид мэдсэн. Тэгээд л би “Булха” нэртэй Булле Шахын амьдрал, тэмцлийн тухай өгүүлэх жүжгийн зохиол бичив.  Зүүн азийн олон орны ард түмний хайрлан хүндэлдэг Булха нь суфи яруу найрагчдыг уламжлалыг өвлөн шүлэг найргаар тухайн үеийн эзэн хаад, эрх мэдэлт түшмэдүүдийн бузар булхайг аймшиггүй зоригтой илчлэн тэмцэгч пенжаб хүн байв. Тэд ард түмний хэлээр бичиж тэдний хүсэлт тэмүүллийн дуу хоолой болж байв. Хөгжим, бүжгээр дамжуулан тэд хүн ба тэнгэрийн хооронд нь шууд холбох гүүр болж шашны заншлаар мунхруулан мөлжигчдийг үгүйсгэн тэмцсээр ирсэн. Ангийн давхарга, хүйсийн ялгааг тэд үгүй хийн Бүхнийг эрхшээгчийн дүр болох дэлхий ертөнцийг гайхан бишрэх сэтгэлээр бахдан харж байв.  Зохиолыг Лахорын Урлагийн Зөвлөл жүжгийн зохиол биш энгийн намтар байна хэмээн няцаасан юм.  Харин жүжгийг бид театрт биш Гётё институтын байранд тоглоход үзэгчид баясан хүлээн авч яруу найрагчийн амьдрал болон шүлэг найргаас нь ард түмний амьралд буй билгэдлийн утга санааг бүрэн ойлгон хүлээн авсан. Тэд түүний амьдрал, амьдарч байсан цаг үетэй нь бүрэн холбогдож өөрсдийн амьдран буй цаг үе болоод амьдралтай энэ нь паралель үзэгдэл болохыг ухаарсан.

Ийнхүү 2001 оны тэр нэгэн өдөр цоо шинэ театр төрсөн юм.

Бясалгалын Каввали хөгжим, суфи Дхаммал бүжиг, оюун санааг хөгжөөх яруу найраг болон Цикир маанийн уншлага хүртэл жүжгийн хэсэг болсон юм. Пенжабуудын их хуралд оролцохоор хотод ирсэн бүлэг Сикхүүд жүжгийг сонирхохоор ирээд жүжгийн төгсгөлд тэд тайзыг бүрэн эзэгнэн жүжигчдийн тэврэн авч үнсэн уйлж байв. 1947 оны Энэтхэгээс тусгаар болсноос хойш үүссэн пенжабууд шашны хуваагдлаа тэр өдөр хамтдаа мартан нэгэн тайзан дээр тэврэлдэн зогсож байв. Тэдний хувьд ч, лалын шашинт пенжабуудын хувьд ч Булле Шах эрхэм нандин хүн ба шашны болон гарал угсааны ялгаагаа таягдан суфи найрагчийн дор нэгдэхэд хүрсэн юм.

Дурсамж дүүрэн нээлтийн тоглолтынхоо дараа Буллех Шахын Энэтхэг аялал эхэлсэн. Энэтхэгийн пенжабууд голлон байдаг хот тосгодоор явж “Булха”-г тоглож байв, бид хоёр улсын зөрчил дээд цэгтээ тулсан байхад ч тоглосоор байсан ба пенжаб хэлээр нэг ч үг мэдэхгүй үзэгчдэд  жүжгийн үйлдэл бүрт дурлан үзэж байв. Улс төрийн байдлаас үүдэн хоёр улс алхам алхмаар бие биеэсээ холдож байхад театр болон энэтхэгийн ард түмний зүрх сэтгэл нээлттэй хэвээр үлдсэн байв. Энэтхэгийн хөдөө тосгодод хэдэн мянган үзэгчид тоглолтыг сэтгэл хангалуун үзэн хүлээн авч байсан ба 2004 онд нэгэн тоглолтын дараа нэгэн настан жаахан хүүгээ дагуулсаар Суфийн дүрд тоглосон жүжигчин рүү дөхөн ирэв. Тэр настан “Ач хүү маань өвчтэй. Та түүнийг адислаж үлээж өгөөч” гэв. Жүжигчин гайхан цочирдож “Настаан, Би Булле Шах бишээ, түүний дүрд тоглосон жижигчин” гэхэд настан уйлж, “Гуйя, ач хүүг минь адислаач. Тэгвэл тэр эдгэнэ гэдгийг би мэдэж байна” гэж гуйв. Бид жүжигчинд настны хүсэлтийг ёсоор нь болгохыг зөвлөв. Жүжигчин ч хүссэнээр нь болгож хүүгийн дух руу үлээн адислав. Настны сэтгэл амарч, явахаасаа өмнө “Хүү минь, чи бол жүжигчин биш, чи бол Булле Шахын хойд дүр, түүний Аватар!” хэмээх үгийг бидэнд үлдээсэн юм. Гэв гэнэт жүжиглэх урлаг болон театрын талаар цоо шинэ ойлголт бидэнд төрж, жүжигчин хүн өөрийн бүтээж буй дүрийнхээ хойд дүр нь байж болохыг бид ухаарсан.

18 жилийн турш Булхаг аялан тоглоход хаа сайгүй үзэгчдийн хүлээн авч буй байдал хариу ижил төстэй байгааг анзаарав.  Тэдний хувьд энэ зугаа төдий эсвэл оюуныг тэлэх сэтгэхүйн сонирхолтой туршлага биш харин оюун санааг хөдөлгөгч далдын хүчтэй уулзсан мэт болдог байв. Энэ жүжиг суфи мастер Булле Шахын дүрд тоглосон жүжигчинд хүчтэй нөлөөлж тэрээр өөрөө суфийн яруу найрагч болон хоёр шүлгийн цомог номоо гаргаад байна. Жүжиг эхлэхэд л Булле Шах дунд нь амьд байгаа мэт санагдаж тайз тэр чигтээ өргөгдөн агаарт ямар нэгэн ариун дагшин газар хүрчих мэт болдог тухай бүтээлд оролцсон уран бүтээлчид ярьдаг байв. Энэтхэгийн нэгэн судлаач жүжгийн тухай нийтлэлээ “Театр ариун сүм болох үед” хэмээн нэрлэсэн байдаг.

Би шашингүй үзэлтэн бөгөөд суфизмыг зөвхөн соёлын үнэт зүйл гэдгээр нь сонирхдог. Би пенжаб суфи яруу найрагчдын бүтээлийг уран сайхан, үйл явдал талаас нь илүү сонирхдог бол үзэгчид хэт туйлширсан шашны үзэлтэн байна уу үгүй юу хамаагүй тодорхой хэмжээгээр сүсэг бишрэлтэй ханддаг. Соёл болгонд Булле Шах шиг хүмүүс байдаг ба түүнтэй адил хүмүүсийн түүхийг судалсанаар бид театрын уран бүтээлчид болон театрт хайртай танил биш үзэгчдийн хооронд гүүр болж болно. Хамтдаа бид театрын оюун санааны цар хүрээг нээн илрүүлж өнгөрсөн ба одоог холбон хүн төрөлхтний хувь тавилан болох ирээдүй руу хүн бүрийг итгэл үнэмшилтэй үнэмшилгүй, хөгшин залуу болон жүжигчид гэж ялгалгүй хөтлөх гүүр болж болно.

Булле Шахын тухай болон өөрсдийн суфи театрын нээлтийн тухай ярьж байгаа нь бид заримдаа тайзан дээр байхдаа театрын талаарх үзэлдээ хэт хөтлөгдөн, нийгмийн оюун санааны сэргээгч байх үүргээ биелүүлж байна гэж бодохдоо нийгмийн асар том хэсгийг анзааралгүй орхигдуулчихсан байдаг учраас юм. Бид өөрсдөө театрын бидэнд өгдөг оюун санааны гүн уурхайд нэвтрэх боломжоо өмнөө тулгарсан сорилтуудыг давах гэсээр алдаж үгүйсгэж байдаг. Өнөөдөр дэлхий дээр муйхарлал, үзэн ядалт болон хүчирхийлэл эрчээ аван даамжирч байна, улс үндэстнүүд нэг нэгнийхээ эсрэг болж, нэг шашны бүлэг нөгөөгийнхөө эсрэг дайтаж, хэсэг бүлэг хүмүүс нөгөө хэсэг бүлгийнхээ эсрэг үзэн ядалтын үр цацацгааж байна… үүнтэй яг зэрэгцээд хүүхдүүд өлсгөлөнгөөр, эхчүүд цаг тухайд нь эмнэлэгийн тусламж аваагүйн улмаас төрөхийн хүндрэлээр үхэж байна, гэтэл үзэн ядалтыг өдөөсөн үзэл суртал цэцэглэсээр. Бидний амьдран буй дэлхий улам бүр доройтож байгалийн гамшигт үзэгдэл ар араасаа давтагдсаар байгаа нь Дэлхийн сүйрлийг зөгнөсөн дөрвөн морьтон газар дэлхийг туурайгаараа дэвслэн сүйтгэж байгаа мэт. Бид оюун санааны хүчээ сэргээх хэрэгтэй; үлбэгэр дорой, хөшүүн хойрго, гутранги байдалтайгаа, шуналт сэтгэлтэйгээ, амьдарч буй дэлхийгээ үл хүндлэх өөдгүй зан байдалтайгаа бид тэмцэх хэрэгтэй. Театрт үүрэг гэж бий, эрхэм дээд үүрэг бий, тэр нь хүн төрөлхтнийг тамын ёроолд унасан мэт арчаагүй байдлаас нь татан гарган өөд нь өргөхийн тулд эрч хүчээр сэлбэн хөдөлгөх юм. Энэ нь тайз буюу тоглолтын орон зайг ямар нэгэн ариун дагшин газарт хүргэн өөд нь өргөж чадна.

Зүүн азид байдаг тайз руу гарахын өмнө шаланд нь хүрч адис авдаг уламжлал бол оюун санаа, соёл салшгүй холбоотойг илтгэх маш эртний уламжлал. Уран бүтээлч болон үзэгчид, өнгөрсөн ба ирээдүйн тэр холбоог илтгэх билгэдлийн утгыг сэргээх цаг нь болсон. Театрын бүтээл туурвих нь ариун гэгээн үйл хэрэг байж болно, жүжигчид бодитоор тухайн бүтээж буй дүрийнхээ хойд дүр нь ч болж болно. Театр бол жүжиглэх урлагийг оюун санааны асар өндөр оргилд хүргэдэг. Ариун сүм болох оюун санааны хязгааргүй орон зай болох боломж театрт л бий.

Олон улсын театрын институтийн Монгол дахь төв

Гэгээн Муза Академи

Таны сурталчилгаа