Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт гэсэн зургаан шинэ дэд төвийг бүтээн байгуулж, нийслэл хот нэг биш олон төвтэй болно. Үүнтэй холбогдуулан уг төслийн зохицуулагч Д.Авирмэдтэй ярилцлаа.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн юм бэ?
Энэ төслийн санаачилга нэлээд эрт гарч, 2009 оноос суурь судалгаанууд нь хийгдэж эхэлсэн юм. Гэр хорооллын агаар, хөрсний бохирдол, нийтийн соёлын үйлчилгээний хомстол зэргээс шинэ дэд төвүүд байгуулах зорилго урган гарч ирсэн нь ойлгомжтой. Суурь судалгааг нь чамбай сайн хийж байж энэ төсөл ирээдүйд ашигтай юу, үгүй юү гэдгийг нь тодорхойлсны үндсэн дээр ашигтай гэж үзээд хэрэгжүүлж эхэлсэн. 2010 онд урьдчилсан ТЭЗҮ-ийг нь хийж, 2012 онд эцэслэн баталсан. Улмаар 2013 онд УИХ-аар санхүүжилтийн хэлэлцээрийг нь батлуулж, 2014 онд төслийн нэгжийг байгуулсан. 2016 оноос хойш миний бие энэ төслийн нэгжийг удирдан ажиллаж байна. Төсөл нийтдээ 10 жилийн хугацаанд хэрэгжиж Улаанбаатар хотод зургаан дэд төвийг бий болгох ёстой. Гэр хороололд инженер, дулааны шугам сүлжээ байхгүй учраас гал түлэхээс өөр аргагүй. Төвлөрсөн дулаанд холбочихвол яндан алга болно, яндангүй бол утаагүй болно. Нөгөөтээгүүр, гэр хорооллын хөрсний бохирдол агаарын бохирдлоосоо ялгаагүй, хэцүү болсон. Нийслэлийн гэр хороололд 220 мянган айл бий. 220 мянган өрхөд 220 мянган модон нүхэн жорлон байгаа гэсэн үг. Америкийн дэлхийд зөвшөөрөгдсөн эрдэмтэн судалгаа хийгээд “Улаанбаатар хотын хөрсний бохирдол маш их байна гэж дүгнэсэн” байна лээ. “Гэр хорооллын жорлонгийн бохир ундны усандаа нэвчин орж, халдвар болон хорт хавдар үүсгэж байх өндөр магадлалтай” гэж дүгнэсэн. Агаар, ус, хөрсний бохирдол, хотын хүрээлэн буй орчны доройтол, хүн амын олонхийн амьдралын бодит хэрэгцээ гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэн ажиллах үндэс суурь, эрэлт шаардлага нь болж байна. Улаанбаатар хотод 1960- аад онд 120, 220, 40, 50 мянгатыг бүтээн байгуулсан. 1980-аад онд нэг, гурав, дөрөвдүгээр хорооллыг барьж босгосон. Үүн шиг, их хотод их бүтээн байгуулалт шинээр өрнөх үндэс суурь, орчин нөхцөлийг бүрдүүлэх дэд бүтцийг манай төсөл бүрдүүлнэ. Товчхон хэлбэл, гэр хорооллын үр дагавартай нь хөөцөлддөг биш уг үндэс сууриар нь өөрчлөх иж бүрэн шийдэл болж байна.
Үр дагавартай нь хөөцөлдөх биш үндэс сууриар нь өөрчлөх зорилго. Үүнд юу юу багтаж байгааг тайлбарлавал уншигчдад илүү ойлгомжтой байх?
Гэр хороололд орон сууцны хороолол барьж босгох инженерийн дэд бүтэцтэй болгож байгаа юм. Улаанбаатар бол нэг сая 500 мянган хүн амтай, метрополитан хот болсон. Хот гэдэг бол эцсийн эцэст хүмүүс, амьдран суугаа хүндээ ээлтэй байх иж бүрэн шийдэл, орчин нөхцөл. Иргэндээ ээлтэй, хүний төлөө хот болж өөрчлөгдөхийн тулд агаар, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон гэр хорооллыг хотжуулах ёстой.
Үүнээс гадна манай хотын төлөвлөлт анхнаасаа буруу хийгдсэн. Нийслэл үндсэндээ нэг л төвтэй. Сүхбаатарын талбайгаа тойроод төрийн бүх яам, агентлаг, худалдаа, соёлын үйлчилгээ төвлөрснөөс болж түгжрэл үүсдэг. Түгжрэлийн түгжээг тайлах ёстой. Кино үзэх гэж, кофе шопод суух гэж, алга дарам лавлагаа, цаас авах гэж хүртэл хотынхоо нэг л хэсэгтээ цуглаад байвал зам, гүүр хэчнээн ч барьж өргөтгөөд үр дүн гарахгүй, хүний урсгал тасрахгүй. Тиймээс хотын захуудад дэд төвүүдийг барьж байгуулснаар хэт их төвлөрөл саарч, түгжрэл буурна гэж тооцож байгаа.
Аж төрөн суугаа газар орчиндоо, гэртээ ойрхон хүний хэрэгцээг хангаж байвал хотын төвийг өдөр бүр үргэлж зүглэж, түгжирч байх бодит хэрэгцээ байхгүй болно. Манай төслийн хамгийн эхний үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай явж байгаа. Энэ дэд төвийн ерөнхий төлөвлөгөөг 165 га талбайд төлөвлөж хийсэн. Нийтдээ 3500-4000 орчим өрх бий. Бид үүнийг гурав дахин нягтаршуулах боломжтой инженерийн дэд бүтцийг хийсэн. Цахилгаан хангамжийг нь нэмэх дэд станц барьж байгаа, удахгүй ажил нь дуусч, ашиглалтад орно. Шилэн кабелд холбож байгаа. Гэр хороололд шилэн кабелын интернет, “Юнивишн”, “Скай медиа” ашиглах боломжтой болно. Гэр хороололд өндөр хурдтай интернет кафе, түргэн хоолны сүлжээ, кофе шопууд үүдээ нээх боломжтой. Өнөөдөр гэр хороололд эдгээр үйлчилгээ байхгүй. Ийм үйлчилгээ нээгдэх инженерийн дэд бүтэц нь ч байхгүй. Гэр хорооллын иргэд маань адилхан л нийслэлдээ амьдарч буй Монгол Улсын иргэд шүү дээ. Үндсэн хуульд заасанчлан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх эрхтэй.
Гэр хорооллын иргэнд өдөрт 5-10 литр хүйтэн ус оногдож байхад, адилхан бие махбодод төрсөн орон сууцны оршин суугчид 250 литр хүртэл халуун, хүйтэн ус оногдож байна. Гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх тэгш байдлыг хангах нь шинэ дэд төвүүдийг бүтээн байгуулж буйн эрхэм зорилго. Баянхошуу дэд төвд 1000 метр кубийн усан сан барьж дуусгасан. Энэ санд усаа татаж төвлөрүүлээд, уулын оройгоос хэрэглэгчид рүүгээ түгээх юм. Мөн 6.7 км ариутгах татуурга буюу бохирын шугам татсан. Бас 3.2 км дулааны шугам татаж дэд төвөө төвлөрсөн дулаантай холбосон. Үүнийхээ хүрээнд “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулаанд холбосон. “Хилчин” хотхон төвлөрсөн шугамгүйн улмаас жил бүр нийслэлийн төсвөөс 500 саяас нэг тэрбум төгрөгийн татаас авдаг байсан цаг дууссан. Айл өрхүүд нь ч өнтэй өвөлжиж, тухтай аж төрдөг боллоо. Долоо хоногт 2-3 удаа л халуун ус авдаг, долоо хоногт усанд орох өдөр хоёр байсан гэсэн үг. Харин өнөөдөр өдөр бүр халуун устай болсон. Улс, хотын ч, айл өрхийн ч төсөв мөнгө хэмнэгдэж байна. Гэр хорооллыг инженерчлэх ажлын тулах цэг, тулгуур үндэс нь хүний дайтай амьдрах хүний жам ёсны хүсэл юм. Бүтээн байгуулалтын хүчин чадлын хамгийн их хувь нь он удаан жилээр овоорч хуримтлагдсан асуудал бэрхшээлээс хотыг, хотын хүн амыг чөлөөлөхөд оршиж байна гэсэн үг. Гэр хорооллыг инженерчлэх нь орчны бохирдол, амьдралын чанар, замын түгжрэлээс чөлөөлөх чөлөөлөлт юм.
Нэг төвтэй хотоос олон төвтэй хотын зүгт Баянхошуу дэд төвд дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гадна өөр ямар ажил хийгдсэн бэ?
Гэр хороолол асар их тэлж, хүн ам нь өсч, төлөвлөлт нь замбараагүй болсон нь хотыг чиглэсэн их нүүдэл суудлаас үүдэлтэй. Сүүлийн 10 жилд хагас сая хүн хөдөө орон нутгаас хотод ирж суусан. Өнөөдөр гэр хороолол зөвхөн орчны бохирдлын эх үүсвэр биш ажилгүйдэл, ядуурлын цөм болж байдгийг Та бид бүгдээрээ мэднэ. Хийх ажил, авах цалин, олох орлогыг нь нэмэх бодлого, хөшүүрэг, тооцоо, бодитой төлөвлөгөө, ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Баянхошуу дэд төвд бизнес инкубатор, сургалтын төвийг байгуулсан. Бүх төрлийн засварчин, оёдолчин, үсчин, гэх мэт мэргэжлийн сургалт явуулж, гарааны бизнес эрхлэх боломж нөхцөлөөр хангана. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад нэг сая еврогийн санхүүжилтээр ур чадвартай ажилтан бэлтгэх төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдийн орлогыг нэмэхгүйгээр зөвхөн хямдхан орон сууцаар хангавал зарим улс оронд байдаг шиг ядуусын хорооллын жишээг давтана. Тиймээс хамгийн зөв бодлого бол гэр хорооллын иргэдийн орлогыг өсгөж, орлогын бүх төвшний айл өрхөд тохирсон орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх явдал. Ингэж байж гэр хорооллоо хөгжүүлнэ. Цаашлаад дэд төвүүд нь бизнесийн төв болох ёстой. Тэнд очиж бизнес хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих ёстой. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд энэ талын зохицуулалтууд орсон. Жишээлбэл, дэд төвд бизнес эрхлэх юм бол орлогын албан татварыг нь 15 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлнө.
УИХ-д өргөн барьчхаад байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд ийм заалт орсон гэсэн үг үү?
Тийм. Өргөн барьсан төсөлд ийм зохицуулалтууд байгаа. Хотын төвд өндөр түрээс, өндөр татвар төлөхгүйгээр хотын захын шинэ дэд төвүүдэд очиж бага түрээс, бага татварын нөхцөлтэйгөөр бизнес хийх боломжтой гэсэн үг. Мөн “Дүнжингарав” зэрэг газруудад байгаа төрийн төвлөрсөн үйлчилгээг дэд төвүүдэд байрлуулна. Ингэснээр Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт дэд төвүүдийн ойролцоо амьдарч байгаа иргэд нийгэм, соёлын болон төрийн үйлчилгээ авах гэж заавал хотын төв рүү орох шаардлагагүй болно. Ингэснээр төвлөрөл буурна. Нэг лавлагаа авах гэж хотын төв рүү явах ямар ч хэрэггүй болно.
Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа гэж ойлгосон. Сэлбэ дэд төвд ямар ажлууд хийгдээд байна вэ?
Сэлбэ дэд төвийн хувьд Сүхбаатар дүүргийн нэг, Чингэлтэй дүүргийн хоёр хороог хамарсан 156 га-д төлөвлөлтийг нь хийж байгаа. Бие даасан эх үүсвэр буюу 26.6 мВт-ын дулааны станц барьж байна. Мөн гүүр, замууд баригдаж байгаа. Шилэн кабелын ажил нь хийгдсэн. Бизнес инкубатор төв, 240 хүүхдийн цэцэрлэг барьсан. Түүнчлэн 240 хүүхдийн шинэ цэцэрлэг үүдээ нээхэд эцэг, эх нь ажилтай болно. Олон нийт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, үерийн далан зэрэг тохижилтын ажлыг хийж байгаа. Нэгдүгээр үе шатны Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ ондоо багтааж хүлээлгэж өгнө. Энэ хоёр дэд төвд манай хийсэн дэд бүтцийг ашиглаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Ер нь манай төсөл 10 жилийн хугацаанд үргэлжилж, зургаан дэд төвийг барьж байгуулах зорилготой. Төсөл маань гурван үе шаттай. Нэг үе шатанд хоёр дэд төв барьж байгуулна. Төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа, Дэнжийн мянгад дэд төвийг бүтээн байгуулна. Энэ бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн. Одоо нарийвчилсан зураг төсөл нь хийж байна. Ирэх наймдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2021 онд дуусгахаар төлөвлөсөн. Амжихгүй бол 2022 он руу шилжих байх. Толгойт, Шархадны дэд төвийн ТЭЗҮ нь 2019 онд хийгдсэн. Одоо нарийвчилсан зураг төслийг нь хийх тендерийн шалгаруулалт явагдаж байна. Энэ хоёр дэд төвийн ажлыг 2023 онд дуусгах ёстой. Манай төслийн 10 жилийн хугацаа 2024 онд дуусна. Энэ хугацаанд манай төслийн зүгээс зургаан дэд төвийн дэд бүтэц болон бизнес инкубатор төв, спорт цогцолбор, цэцэрлэг, ахмадын төв зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийг хамгаалах байр барихаар төлөвлөж байгаа. Түүнчлэн дэд төвүүдийг холбосон хотын захын авто замын ажил бий.
Зам нь бас танай төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх юм уу, эсвэл тусдаа төсөл үү?
Авто замын бүтээн байгуулалт нь ч манай төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэнэ.
Гэр хороололд томоохон бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт хамгийн том бэрхшээл болдог. Танай төсөлд ч ийм бэрхшээл учирч байна уу?
Манай хот төлөвлөлтийн нэг алдаа нь Улаанбаатар хотын газрыг хувьчилсан явдал. Дэлхийн ихэнх хот газраа хувьчлаагүй байдаг. Яагаад гэхээр, газар нь төрийн мэдлийнх байсан тохиолдолд төлөвлөлт хийхэд хялбар байдаг. Манайх газраа өмчлүүлснээс гадна албадан чөлөөлөх ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. 40, 50 мянгатыг барихад улсын газар байсан учраас “Аман хуур” кинонд ирээдүйн хадмынхаа хашааг хүргэн нь трактораар түрж байгаа үйл явдал гардаг шүү дээ. Энэ цаг үе бол үндсээрээ өөр. Сайн дурын үндсэн дээр тохиролцох ганцхан арга замтай. Соном гуайнх хашаагаа орон сууцаар сольдог үр дүн нь бол адилхан. Иргэдтэй сайн дурын үндсэн дээр тохиролцох арга зам байхгүй. Манай төслийн хувьд Азийн хөгжлийн банкны зарчмаар хэрэгжиж байгаа учраас газар чөлөөлөх үнэлгээ өндөр байдаг юм. Иргэд хашааны газраа үнэлүүлэн чөлөөлж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахдаа дуртай байгаа. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын явцад 2017-2019 онд 900 орчим нэгж талбарыг чөлөөлөхөд гучин зургаан тэрбум төгрөг зарцуулсан. Зөвхөн дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гадна дэд төвийг дахин хөгжүүлэх төлөвлөгөөг тус бүрд нь хийж байгаа. Энэ хүрээнд бас газар чөлөөлнө. Газар чөлөөлөлтөд иргэдийн оролцоо чухал. Иргэд оролцохгүйгээр энэ дэд төвүүдийг хөгжүүлэх боломжгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг асуудлын хүрээнд газраа алдаад аль ч үгүй хоцорсон цөөнгүй иргэн бий. Эхлээд иргэд манай төслийг Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөлтэй хольж ойлгоод газраа чөлөөлөх шийдвэр гаргахдаа их эргэлзэж байсан. Харин Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан төсөл гэдгийг нь ойлгосноор иргэдийн газраа чөлөөлөх идэвх нэмэгдсэн. Тиймээс төслийн нэгдүгээр үе шат хурдан хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банк ч үүнийг онцолж байгаа. Газраа чөлөөлнө гэдэг нь хашааны газар дээрх бүх эд зүйлээ үнэлүүлж худалдана гэсэн үг.
Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татаад эхлэхээр зарим айл орон сууцанд орох гэхээсээ илүү хашаандаа төвийн шугамд холбогдсон байшиндаа амьдрахыг хүсэж магадгүй. Гэтэл танай төслийн зорилго гэр хорооллыг орон сууцжуулах гэж ойлголоо. Энэ дундаас зөрчил үүсвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
Орон сууц барих дэд бүтцийг нь бий болгож байгаа юм. Гэхдээ орон сууцжуулахдаа газар чөлөөлөхөөс эхлээд иргэдийн саналыг сонсоно. Судална шүү дээ. Олон айл нийлээд газраа чөлөөлөхгүйгээр байшингаа инженерийн шугам сүлжээнд холбож болно. Гэхдээ 15- 20 сая төгрөг төлөөд хашаа руугаа шугам сүлжээ татах санхүүгийн боломжтой байх ёстой. Гэр хорооллын байшингууд маань нарийн стандартгүй баригдсан байдаг учраас дулааны алдагдал ихтэй байдаг. Тиймээс төвийн шугамд холбогдлоо гэхэд хөлдөх аюултай. Энэ мэтээс болоод иргэн бүрийн хүсэлтээр асуудлыг шийдэх боломжгүй. Үнэхээр хашаандаа дэд бүтэц авах хүсэлтэй айл өрхүүд байвал эдийн засгийн чадамжтай, байшин нь дулаан алдагдалгүй байхаас эхлээд орчноо тохижуулах, олуулаа нэгдэн нийлэх гэх мэт шаардлага тавина. Төслийн үр дүн бол зөвхөн шугам сүлжээ, орчны бохирдлыг бууруулснаар ч хэмжигдэхгүй. Хот шиг хот болж, хотжилт, иргэншлийн соёл түгэх суурь нөхцөлийн нэг болно.
Танай төслийн хүрээнд дэд төвүүдэд дэд бүтцийн ажил нь хийгдлээ. Түүний дараа орон сууцжуулах ажлыг нь ямар байгууллага хариуцаж хийх вэ?
Манайх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийхээс гадна дэд төвийг дахин хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа. Бэлэн болсон дэд бүтэц дээр орон сууцжуулах бодлогыг “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК хэрэгжүүлнэ. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулна. Нийслэлийн орон сууцны корпорац Баянхошуу, Сэлбэ дэд төвийн газруудыг “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцаар солиод эхэлсэн. Эхний ээлжид орон сууц барих газраа чөлөөлж авч байгаа гэсэн үг. Дэд бүтэц нь бэлэн чөлөөлөгдсөн газар дээрээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон сууцаа барьж эхэлнэ. Газар, дэд бүтэц нь бэлэн болохоор орон сууцны нэгж талбайн үнэ хямдхан байна. Тиймээс орлогод нийцсэн гэж тодорхойлоод байгаа юм. Үнэ болон талбайн хэмжээгээр нь гэр хорооллын иргэдийн орлогод нийцүүлэх юм. Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр ч хэрэгжинэ.
Олон бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм байна. Гэхдээ энэ бүхнийг зээлээр хийж байгаа. Танай төслийг санхүүжүүлж буй Азийн хөгжлийн банкны зээлийн нөхцөл нь хэр зэрэг таатай юм бэ?
Нийтдээ 320 сая ам.долларын зээл. Үүнээс 160 сая ам.доллар нь Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл. 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. 60 сая ам.доллар нь Европын хөрөнгө оруулалтын банкны зээл. Бас жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Үлдсэн 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нь нийслэл өөрөө хариуцах юм. Тэгэхээр үндсэндээ нийт хөрөнгө оруулалтын 220 сая ам.доллар нь зээлийн хөрөнгө гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, хотын сая таван зуун мянган хүний ажил мэргэжил, хувийн зорилго, сонирхол, ашиг орлого, уншдаг ном, үздэг кино нь мэдээж өөр өөр. Гагцхүү илүү сайхан хотод амьдрах хүсэл сонирхлоороо бол нэгэн цул. Улаанбаатараа агаар, хөрсний бохирдол, олон төрлийн түгжрэлээс чөлөөлж, 40, 50 мянгат, 3, 4 дүгээр хорооллыг барьж босгосон шиг их бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд хотын хүн бүрийн хүсэл, дэмжлэг онцгой чухал. Учир нь хүндээ ээлтэй хотод амьдрах хүмүүсийн хүсэл бол манай төслийн тулах цэг, тулгуур үндэс нь юм.