П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 60 жилийн ой тохиолоо. Улсын гуравдугаар төв эмнэлэг 1954 онд Төв больницаас салбарлаж бие даасан эмнэлэг болсон билээ. Харин 1960 онд тус эмнэлгийг П.Н.Шастины нэрэмжит болгон алдарт эмчийн хөдөлмөр гавьяаг мөнхжүүлсэн түүхтэй. Харин П.Н.Шастин хэмээх эмчийн тухай мэдээллийг залуу хойч үедээ зориулан бэлтгэлээ.
Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө чинхүү үнэн сэтгэл зүтгэлээр ажилласан П.Н.Шастин докторыг тухайн үеийн монголчууд “Үхэгсдийг амьдруулагч эмч” хэмээн нэрлэж байжээ. Түүнээс гадна Шастиныхан манай улсад дөрвөн үеэрээ ирж ажилласан, монголжсон эмч нар байж.
П.Н.Шастин Эрхүү мужийн Куйтун хэмээх газарт санваартан гэр бүлд 1872 оны хоёрдугаар сарын 10-нд төржээ. Тэр Казанийн Анагаах ухааны их сургуульд чөлөөт сонсогч байгаад дараа нь Томскийн их сургууль төгсөж, мэс заслын их эмч болсон байна. Түүний Монгол улс, монгол хүмүүстэй холбогдох болсон шалтгаан их сонин.
1921 онд Д.Сүхбаатар жанжин Москва орох замдаа их хүнд өвдсөн бөгөөд жанжныг П.Н.Шастин эмчилж, эдгээжээ. Тиймээс Монгол улсын Засгийн газраас тус онд байгуулагдсан Цэргийн яамны Эмнэлгийн хороо буюу Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороонд Н.Шастин эмчийг ирж ажиллахыг урьсан байна. Ингэж 1925 оны 10-р сарын 25-нд анагаахын шинжлэх ухааны үндэстэй Европ эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх газрыг 8 ортойгоор ЗХУ-аас уригдаж ирсэн цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Павел Николаевич Шастин эмч анх нээж, лам төвд эмнэлгийн хамт 15 ортой, 2 хэсэг бэсрэгхэн байшинтай, нэг дор үзэх амбулаторитой "Ардын эмнэлэг" байгуулсан нь одоогийн улсын нэгдсэн I эмнэлгийн эхэн суурь тавигдсан байна.
Тухайн үед Монгол оронд дэгдсэн тарваган тахлын үеэр П.Н.Шастин эмч маш хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг. Мөн тахлаас эхлэн бөөсний хижиг, улаан суулгатай тэмцэх комиссын гишүүнээр ажиллахын сацуу тарваган тахлын дуудлагаар аймаг, сумд руу олонтаа явж, голомтод нь ажиллаж байжээ. Тэрээр эмнэлэг, ариун цэврийн отряд урьж ирүүлэх шаардлагатайг анх хөндөж Монгол Улсад анагаах ухаан, мал эмнэлгийн шинжлэх ухааны академийн анхны шавыг тавьж, хүн, малын эмч нарын “Эрдмийн эвлэл” хэмээх байгууллагын анхны тэргүүн нь хүртэл байжээ.
“Үхэгсдийг амьдруулагч” нэрний учир
Нэгэн удаа төвд эмнэлэгт залуу эмэгтэй нас эцэслэж, түүнийг цогцос хадгалах байр луу хүргэсэн байна. Задлан шинжилгээ хийхээр Шастин докторыг очтол тэр бүсгүй хагас амьсгаатай байсан тул түүнийг аварч, эдгээжээ. Гэтэл тэр үед “Үхсэн хүн сэрж, шулмас болж гэнэ” гэж хүмүүс цуурч байсан гэдэг. Өөр нэгэн явдал нь хог дээрээс эсгийнд боолттой амьд хүн олсныг Шастин докторт хүргэж ирснээр тэрбээр мөн эмчилжээ. Лам нар түүнийг “Үхэх тавилантай хүн” гэсэнд гэр бүлийнхэн нь итгэж, эсгийнд ороон, хог дээр хаясан нь тэр байж л дээ. Тэр бүсгүй эдгэрээд, гэр бүлдээ эргэж очилгүй сувилагч болсон түүх ч бий.
Тэрбээр Монголд Задлан шинжилгээний дүрэм боловсруулсан бөгөөд 1937 онд нутаг буцжээ. Эмнэлгийн салбар олноор байгуулах, боловсон хүчин бэлтгэх, халдварт өвчний дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, рашаан сувилал байгуулах зэрэг бүхий л асуудалд анхаарч, хувь нэмрээ оруулсан байна.
Өвгөн докторын ач хүү Павел Николаевич Шастин (нэр овог нь яг өвөг эцгийн адил) Монголд төрж хүүхэд насаа энд өнгөрүүлснээр барахгүй өвөг болон эцгийн мэргэжлийг өвлөн хүний их эмч мэргэжил эзэмшин эх нутагтаа ажиллаж байгаад хожим 1965-1968 онд манай хүүхдийн 1-р больницод (одоогийн ЭХЭМҮТ, хуучнаар улсын клиникийн төв эмнэлэг) мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байжээ.