Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
Тус бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажилд өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 10 гаруй анги нэгтгэл, туслан гүйцэтгэгчээр дотоодын 56 аж ахуй нэгж, нийт 2300 гаруй хүн хүч, 1300 нэгж техник ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил бол монголчууд төмөр замаа өөрсдийн хүчээр барьж чаддагийг харуулсан тод жишээ хэмээн онцлов. Мөн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух Цагаан суварга, Хармагтай зэрэг стратегийн 30 гаруй том орд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ.
Алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эр орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай харих боломжтой цаг үед цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа уламжилж байсан юм.
Дорноговь аймгийн Зүүнбаян талаас Зэвсэгт хүчний анги суурь бүтэц, хиймэл байгууламжийг гүйцэтгэж байгаа ба одоогоор ажлынхаа 80 гаруй хувийг хийж, төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгахаар ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн яам