Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлын талаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхэлж байгаа юм байна. 

Тохижилтын ажлын зураг төсөл бэлэн болсон бөгөөд тохижилтын ажлыг маргааш эхлэн хоёр сарын хугацаанд багтаан гүйцэтгэхээр болжээ. 

Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр зураг төсөлд тусгасан байна. 

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшилд шилжсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшил болгосон бөгөөд энэ байршилд ямар бүтээн байгуулалт хийх талаар иргэдээс ирсэн саналын дагуу цэцэрлэгт хүрээлэн барихаар шийдвэрлэжээ. 

Зураг төслийг уралдаан зарлаж тодруулсан бөгөөд энэ зун нийслэлчүүдийн амарч зугаалах газар нэгээр нэмэгдэнэ гэдгийг НЗДТГ-аас мэдээлсэн юм. 

Дэд бүтцийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 24 цагаар шахуу хийхээр төлөвлөжээ.

Цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтийн газар шууд гэрээ байгуулан ажиллах юм. Өмнө нь Хот тохижилтын газар Улсын Их дэлгүүрийн урд байрлах аялгуут усан оргилуурыг барьж байгуулж байсан туршлагатай аж.

Таны сурталчилгаа