Автомашинд суурилуулах "RFID" буюу цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг Хотын дарга асан Д.Сумъяабазар санаачлан хэрэгжүүлсэн. Тухайн үедээ 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн тайлангаа ч таввж байсан юм. Тэгвэл татвар төлөгчдийн 20 гаруй тэрбум төгрөг хаачив, ямар үр дүн гарав гэдэг асуулт одоо хариултаа нэхэж байна.
Учир нь өнгөрөгч 12 дугаар сард Хотын дарга Х.Нямбаатар "Лхагвын тойм" нэвтрүүлгийн ярилцлагад орох үедээ тухайн цахим гэрчилгээ олгосон ажил хэрэгжих боломжгүй гэдгийг илэрхийлсэн байдаг.
Түгжрэл, утаа бууруулах нэрийдлээр дарга нар элдэв, төсөл, тендер зарлаж татвар төлөгчдийн мөнгө урссаар байх уу? Цавчаа ногоон гэдэг шиг бас нэг цавчаа "RFID"-ын харуцлагыг хэн хүлээх вэ? 20 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэсэн цахим гэрчилгээгээр нийслэлчүүд яах вэ? Элдэв хулгайгаа улсын нууцад авч байгаад цавчдаг бохир технологи гаарсан уу?
"RFID" худалдан авах ажиллагааг яагаад улсын нууцад авав
Уг системийг нэвтрүүлэх ажил “нийслэлийн замын түгжрэлийг 50 хувиар бууруулна” гэж амласан 2020 оноос эхэлсэн байдаг. Нийтдээ 20 гаруй тэрбумыг зарцуулсан гэж байгаа уг төслийн санхүүжилтийн бараг талыг нь юун түрүүнд “Цавчаа ногоон” автобусны адилаар улсын нууцад оруулан зарцуулсан талаар аудитын дүгнэлтийг танилцуулъя.
Нийслэлийн төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашгийг хийсэн аудитын дүгнэлтийг сөхөж үзвэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, Худалдан авах ажиллагааны тухай хууль (ТБОНӨХБАҮХАТ)-ийн 3 дугаар зүйлийн 3.43 дэх заалтын хүрээнд нууцад хамруулсан 18.8 тэрбум өртгөөр хэрэгжсэн дөрвөн төсөл байна.
Үүнд:
“Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн туулах чадвар сайтай автомашин” 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
“Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин /40ш/” 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
“Улаанбаатар хотын авто машин, гудамж талбайд RFID систем нэвтрүүлэх” таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НМТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
“Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем” 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НХААГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн худалдан авалтууд багтаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "RFID" системийн хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан хэсэг буюу дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн компанийг сонгон шалгаруулахдаа улсын нууцаар халхалсан гэж үзэж болохоор байна. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг. Үүнийг аудитаас хуулийн цоорхойг ашиглан хяналтгүй худалдан авалт хийсэн гэж дүгнэсэн байгаа юм.
“RFID”-ИЙН ТЕНДЕРҮҮДИЙГ “БОДЬ-ЭЛЕКТРОНИКС” ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ДАНГААРАА ХАМАВ
Нээлттэй мэдээллийн сангуудаас шүүж үзвэл “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах”, “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” гэсэн хоёр тендер зарлагдсан. Уг тендерүүдэд “Бодь групп”-ийн хамаарал бүхий “Бодь-Электроникс” компани өрсөлдөгчгүйгээр дангаараа оролцож шалгарсан нь анхаарал татаж байна.
Баримт -1:
Нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зарласан байдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг тендер 2.97 тэрбумын саналаар “Бодь-Электроникс” компани ганцаараа оролцож, өрсөлдөгчгүй шалгарсан.
Баримт-2:
Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ыг хүртэл зарлажээ. Ингэхдээ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гурван багц тендер зарласан. Өмнөх тендерт өрсөлдөгчгүйгээр ялж байсан “Бодь-Электроникс” компани энэ удаад гурван багцад гурвууланд нь орсон. Гэхдээ эхний буюу нэгдүгээр багцынх нь үнийн дүн 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт мөн л ганцаараа орж, өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулжээ. Тус компани 3.57 тэрбумын санал өгсөн.
Цаашлаад манай репакци "Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)"-г суурилуулах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн албан тушаалтнуудыг нэхэн сурвалжлах болно.
Үргэлжлэл бий ...