Цаг үеийн мэдээ

”RAP Devjee” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарын үеэр жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэл, үг хэллэг цахим орчинд тавигдаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. 

Тодруулбал, тэрбээр дайралцааны үеэр  ".. хэн ч биш болноо лалар минь. Чи бол Э.Энхбат начин. Харин би бол Н.Түвшинбаяр" гэсэн агуулга бүхий үгсийг илэрхийлсэн байдаг.

Ж.Энхтөр нь Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан 66 кг-ын жинд барилддаг жүдоч юм. Жүдо бөх бол өөрийн дотоод мөн чанараа төлөвшүүлж, өрсөлдөгчөө хүндэтгэдэг, бусдын сайн сайхны төлөө өөрийн бүхий л хүч чадлаа дайчлах номлолтой, хатуу дэг жаягтай бие хамгаалах урлаг юм. Тэр ч утгаараа эмгэнэлт хэрэг явдлыг амны зугаа мэт ярьсан нь хэн бүхний дургүйцлыг хүргэсэн. 

Уг үйлдэл нь тухайн тамирчинд ёс зүйн хариуцлага тооцох тухайгаа ч Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Бичлэг үзсэний дараагаар тамирчинтай холбогдсон. Ж.Энхтөр бол манай залуучуудад барилддаг тамирчин. Тамирчинтайгаа холбогдоход "Би буруу зүйл ярьсан байна, уучлаарай. Гэмээ ухаарч байна" гэсэн. Холбооноос жүдогийн багш нартай ярьж байгаад ёсзүйн хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж шийтгэх бодолтой байна" гэв.

Таны сурталчилгаа