Цаг үеийн мэдээ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Л.Цогтхүүтэй ярилцлаа.

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудын арга зүйн зөвлөлийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгасан байна. Уг шалгалтын зорилго, чиглэлийн талаар танилцуулахгүй юу?

Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 онд дэвшүүлсэн зорилт, Улсын Ерөнхий прокурорын 05, 06 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх, мөн Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/13 тоот тушаалаар баталсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-т хорих ангийн арга зүйн зөвлөлийн шийдвэрийг прокурор хянаж байхаар тусгагдсаны  дагуу дээрхи шалгалтыг хийсэн.

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тус газрын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу хяналтын харьяа хорих ангиудын арга зүйн зөвлөлийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгасан юм.

Хорих ангиудын арга зүйн зөвлөл нь хорих ял эдлэж буй хоригдлуудад шагналын хоног олгох, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоох санал гаргах, хоригдлын ял эдлэх дэглэм, зэрэглэлийг өөрчлөх талаар прокурорт санал гаргах чиг үүрэгтэй бөгөөд энэ нь хоригдлуудад хуулиар олгосон үндсэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргадаг учраас хоригдлын эрх зөрчигдөх, хуулиар олгогдсон эрхийг нь хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгахад шалгалтын зорилго оршиж байсан юм.

Шалгалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 409 дүгээр хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 441 дүгээр нээлттэй хорих анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги хамрагдсан.

Хорих ангиудад явуулах шалгалт, танилцах ажиллагааг шинэлэг байдлаар хийх, чиг хандлага, арга барилаа өөрчлөх үүднээс энэхүү шалгалтыг анх удаа зохион байгуулж, хяналт хариуцсан прокурорууд хорих ангийнхаа арга зүйн зөвлөлийн хуралд биечлэн оролцож танилцсан.              

Хорих ангийн "Арга зүйн зөвлөл” ямар чиг үүрэгтэй байдаг вэ? Прокурор хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?          

Хорих ангиудад арга зүйн зөвлөл гэж байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны А/165 тушаалаар батлагдсан журамд зааснаар энэхүү зөвлөл нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй. Уг зөвлөл нь хоригдлыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох саналыг прокурорт гаргах, хоригдлуудад шагналын хоног олгох, ял эдлэх дэглэм, зэрэглэлийг өөрчлөх талаар прокурорт санал гаргах, хоригдлыг хөдөлмөрт хуваарилах гээд хоригдлын үндсэн эрхтэй холбоотой гол гол асуудлыг шийдвэрлэдэг. Энэхүү арга зүйн зөвлөлийн хурлын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байгаа эсэхэд прокурор хяналт тавьдаг.

Арга зүйн зөвлөлийн хурлын шийдвэр гарсаны дараа прокурор  тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үздэг бол энэ удаагийн шалгалтаар хяналтын харьяа хорих ангиудын арга зүйн зөвлөлийн хуралдаанд хорих анги хариуцсан прокурор оролцож, холбогдох бүртгэл, судалгаатай танилцан, ял эдлэж буй хоригдолтой биечлэн уулзаж санал, хүсэлтийг нь сонсон хоригдлуудын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажилласан.

Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ, цаашид анхаарах асуудлууд юу байсан бэ?

Шалгалтаар ноцтой биш ч гэлээ анхаарах ёстой хэд хэдэн асуудал гарсан.

Тухайлбал, хоригдолд шагналын хоногийг олгохдоо үндэслэлтэй олгох ёстой бөгөөд нэг хоёр хоног ч гэсэн дутуу олговол тухайн хоригдлын эрх нь зөрчигдөж байгаа нэг хэлбэр юм.

Хуулиар заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байхад тухайн хоригдлыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох талаар мөн хоригдлын ял эдлэх дэглэм, зэрэглэлийг өөрчлөх талаар прокурорт санал гаргахгүй байх нь тухайн хоригдлын эрхийг зөрчиж байна гэсэн үг. Мөн арга зүйн зөвлөлийн хурлаар хоригдол тус бүрээр нь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байхад тэдгээрийг бөөнөөр нь оруулж үндэслэлтэй хэлэлцэхгүй шийдвэр гаргаж байсан зөрчил дутагдлыг шалгалтаар тогтоосон. 2019 оны эхний гурван сарын байдлаар хяналтын харьяа хорих ангиудаас хоригдлыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох, хоригдлын ял эдлэх дэглэмийг өөрчлөх талаар Нийслэлийн прокурорын газарт 382 санал ирсэн бөгөөд прокурор дээрх саналыг хянаж үзээд 95 саналыг хууль зүйн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хорих ангид нь буцаасан байгаа юм.

Хорих ангиас ирсэн санал бүр нь хууль зүйн шаардлага хангасан байсан бол дээрхи 382 санал шүүх руу шилжиж шийдвэрлэгдэж байх ёстой. Гэтэл 95 саналыг прокурор хорих ангиудад буцааж байна гэдэг нь ямар нэг байдлаар хуулийн шаардлага хангаагүй саналыг хорих ангиуд ирүүлж байна гэсэн үг.

Хэрэв үндэслэлтэй санал ирүүлсэн бол нийт санал шүүх рүү очиж шийдвэрлэгдэн хоригдлын хуулиар олгогдсон эрх нь хангагдах ёстой. Хорих ангиудаас ирүүлсэн саналыг прокурор буцааж байгаа гол үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан “...хоригдол зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан...” гэх шалгуур үзүүлэлтийг хорих ангиуд бүрэн нотлон харуулж баримт материалаар баталгаажуулах ажлыг хангалтгүй хийж байгаатай холбоотой юм. Энэ асуудлыг бүрэн тогтоож өгч байгаа эсэхэд прокурор гол хяналтаа тавьж ажиллаж байгаа, шалгалтын гол зорилго ч үүнд чиглэгдсэн.

Шалгалтын үр дүнд үндэслэн ямар арга хэмжээ авч байна вэ?

Нийслэлийн прокурорын газраас шалгалтын дүнг үндэслэн хяналтын харьяа нийт хорих ангиудад цаашид анхаарах асуудлаар албан бичиг хүргүүлсэн. Энэ оны 3 дугаар сард хорих ангиудаас ирүүлж буй санал, холбогдох материалууд нь хууль, журмын шаардлага хангасан, холбогдох баримт материалуудыг хоригдлуудын хувийн хэрэгт хавсаргасан байгаа нь энэхүү шалгалтын үр нөлөө, ач холбогдол гарч байна гэж бид үзэж байна. Уг шалгалт нь хорих ял эдлэж буй хоригдлуудын хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангаж байгаа эсэх, хоригдлын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой байсан бөгөөд энэхүү зорилгодоо ч хүрсэн.

Таны сурталчилгаа