Цаг үеийн мэдээ

Хуульч Ч.Өнөрбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэлтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ. 

Ч.Өнөрбаяр "Монгол улсын Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө бүрдүүлэхтэй холбоотой заалтууд ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөгдөнө гэж Үндсэн хууль дээр байдаг. Ерөнхий сайдад ямар хүн хуулийн зөвлөгөө өгдгийг мэдэхгүй ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацааг зөв хэлж өгөөч. Тавдугаар сарын 24-өөс мөрдөгдөнө гээд буруу яриад байна. Тэгэхээр Ерөнхий сайд та үндсэн хуулиа уншаагүй байна" гэв.

Тэрээр засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл нэгэнт бий болсон гэж үзэж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд мэдэгдэл хийхдээ "Монгол улсын Засгийн газар огцрохгүй. Батлагдсан шинэ Үндсэн хууль тавдугаар сарын 24-нөөс эхлээд үйлчлэнэ. Гэхдээ Үндсэн хуулийг дагуулаад бусад хуулиуд гарах ёстой. Энэ хуулийн хүрээнд Засгийн газар огцрох шинээр бүрдүүлэх эсэх тухай асуудлыг тэр дагавар хуулиудаар шийдвэрлэнэ. Харин энэ хуулийг УИХ яаралтай баталж шийдвэрлэх ёстой" гэсэн билээ.

Таны сурталчилгаа