Цаг үеийн мэдээ

Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Япон улсын Токио хотод байгаа Монгол иргэдээ татан авах нислэгийн хуваарьт өөрчлөлт орсныг албан ёсоор зарлаж байна. 

Улаанбаатараас Токио хот руу маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 13:05 цагт хөөрч, Токио хотод 19:00 цагт газардана.

Токиогоос Улаанбаатар руу ирэх нислэгт өөрчлөлт ороогүй бөгөөд дөрөвдүгээр сарын 3-ны 08:30 цагт Токиогоос хөөрч, Улаанбаатарт 13:05 цагт газардана. Энэ мэдээллийн гол зорилго нь Улаанбаатар-Токио чиглэлд явах зорчигчдод хамааралтай юм.

Улаанбаатар-Сөүлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй тул маргааш 08:40 цагаас Улаанбаатараас хөөрч, 12:50 цагт Сөүл хотноо очно. Эргэж ирэх хуваарийн хувьд 14:20 цагт Сөүл-Улаанбаатар руу нисч 17:00 цагт газардах мэдээллийг МИАТ компаниас өглөө" гэлээ.

ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн "Тусгай үүргийн Сөүлээс ирэх онгоцоор 251 зорчигч ирэх бол Токио-Улаанбаатарын онгоцоор 255 зорчигч ирнэ.

Тухайн онгоцуудад эмч, байцаагч нар хамт явах учраас зөвлөмж зааврыг дагаж, асуумжаа зөв бөглөхийг хүсч байна.

Ирсэн зорчигчдоо тусгайлан бэлдсэн байруудад байрлуулна" гэлээ

Таны сурталчилгаа