Цаг үеийн мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замаар зорьчсон хүн бүр бухимдаж байна. Ингэхээс ч аргагүй. Зам нэртэй там болчихсон байгаа. Энэ тамаас аж хурдан салах вэ? Ажил хийх үүрэг хүлээж гэрээ байгуулсан компаниудаар нь ажлыг нь хурдан хийлгэх ёстой. Тус замыг тавих үүрэг хүлээсэн БНХАУ-ын компани саяхан 105 ажилчнаа Монгол Улсад оруулж ирэх гэсэн боловч олон нийт эсэргүүцэж хойшлууллаа. Ялангуяа сөрөг хүчин АН-ынхан үүнийг маш хүчтэй эсэргүүцсэн. Энэ нь ч олон нийтэд таалагдах шиг боллоо. Уг нь ингэж попорлоо гээд Улаанбаатар-Дарханы зам сайхан болчихгүй. Манай олон нийт ч хэтэрхий туйлширдаг нь үүнээс анзаарагдаж байна. Дарханы зам хэцүү байна хэмээн бухимдах хэрнээ ажилчдыг нь оруулж ирээд замаа хурдан ашиглалтад оруулъя гэхээр эсэргүүцэхийн зэрэгцээ эсэргүүцэж байгаа хүмүүсийг дэмжихийг юу гэж ойлгох вэ. Дарханы замын сайхан болгоосой гэсэн хүсэл иргэдэд байна уу, үгүй юү гэдэг нь ойлгогдохоо болилоо. АН-ын тухайд ч ойлгомжтой. Эрх баригчдын ажил бүтэлгүйтэж л байвал тэдэнд сайн. Түүнээс бус иргэд хурдхан шиг сайхан замаар зорчиж эхлэх нь чухал бус. Сонгуулийн үеэр Дарханы зам яг энэ хэвээрээ байгаа гэсэн хүсэл МАН-аас бусад намын улстөрчдөд байгаа нь ойлгомжтой. Ялангуяа, Дархан, Эрднэнэт, Булган, Хөвсгөл, Завхан зэрэг аймагт нэр дэвшихээр төлөвлөж байгаа улстөрчдын ирэх сонгуулиар ярьж эрх баригчдыг харлуулах сэдэв нь энэ зам байх болно.   

Таны сурталчилгаа