Цаг үеийн мэдээ

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд аутизмыг таниулах зорилгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг "Дэлхийн Аутизмыг таниулах өдөр" болгон зохион байгуулж иржээ.

Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун Хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хооронд зохион байгуулсан билээ. Сургалтад Улаанбаатар хотын 6 дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш нийт 442 хүн хамрагдсан байна.

Улаанбаатар хотоос бусад аймаг орон нутгийн ЕБС-ийн багш, албан хаагчдад сургалтын агуулгыг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор Гэрэлт Оюун Хүүхдүүд ТББ-аас сургалтын материалыг DVD бичлэг хэлбэрээр БСШУСЯ-нд хүлээлгэн өглчээ. Ингэснээр дээрх сургалтыг зайны сургалтын шийдлийг ашиглан алслагдсан орон нутагт үргэлжлүүлэх боломжтой болох юм.

ЕБС-ийн сургуулийн багш нарт аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг БСШУСЯ, Монголын Аутизмын холбооноос цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Таны сурталчилгаа