Цаг үеийн мэдээ

Маргааш буюу 4дүгээр сарын 4–ний өдөр ханш нээх өдөр юм. Ханш нээх нь хүмүүст ямар нэгэн онцгой өдөр мэт санагддаг. Тэгвэл ханш нээх өдөр нь билгийн тооллын шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр бөгөөд энэ өдөр тусгайлан унших тарни, ном байдаггүй. Энэ өдөр хөрс, шороо хөндөхгүй байх, газар ухаж, сэндийчихийг тэвчих хэрэгтэй. Харин байгаль дэлхийдээ идээ, будааныхаа дээжийг өргөж болдог юм байна.

 ХАНШ НЭЭХ ӨДРӨӨР ИРЖ БУЙ ЗУНШЛАГЫГ ШИНЖИХ ЁС БИЙ

 

Мөн энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байжээ. Тухайлбал ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

 

МОНГОЛ ХҮН ӨӨД БОЛОГСДЫНХОО ГАЗРЫГ ЭРГЭЖ ОЧООД БАЙДАГГҮЙ

 

Энэ өдөр монголчууд талийгаачдын газрыг эргэж, идээ будаа өргөн, газрыг нь зассанаар тэднийгээ баярлуулж, буян үйлдэж байна хэмээн сүсэглэдэг нь эндүүрэл аж. 

 

Гэхдээ энэ асуудалд иргэд хоёрдмол санаа бодолтой ханддаг тул МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас Ханш нээх өдрийн тухай тодрууллаа.

 

         

 

–“Монгол хүн өнгөрөгсдийн газарт очдоггүй. Ариун бус гэж үздэгтэй холбоотой. Учир нь итгэл бишрэлийн хувьд бас орчин цагийн шинжлэх ухааны ойлголттой нийцэж байна гэж боддог. Монголчууд эрт үед бурхан болоочдыг нутаглуулахад ил тавьдаг аль болох амьтан хооллож буян үйлдэхийг зорьдог байсан. Тиймээс очиж эргээд байдаггүй. Бидний өвөг дээдэс, настан буурлууд өнгөрөгсдийн газарт очих дургүй  ч хүндэтгэдэг байсан. Нутаглуулж байсан газрын ойр орчимд явахдаа мориноосоо бууж хүндэлдэг байж. Эсвэл мориныхоо зүүн дөрөөг мулталж, нутаглуулсан зүг рүү нь хардаггүй гэх мэт уламжлал байсан. Тиймээс биш жил бүр эргэж тойрдоггүй. Энэ бол монголчуудын ёс биш. Иймд сүсэгтэн олон ямар түүхэн эх сурвалжаас гаралтай юм, үзэл онолын тухай судлах хэрэгтэй. Ерөнхийдөө аль ч цаг үед сэтгэлээрээ, үйлдлээрээ буян хийж байвал сайн юм”.

 

ХАНШ НЭЭХ ӨДРИЙН ТҮҮХ

 

Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Эртний сурвалж бичигт өгүүлснээр Хятадын Хан Ши хэмээх хаан хаврын улирал эхлэхээр газар гэсэж, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан аж. Түүнээс хойш энэ улирлыг уг хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болсон хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж, тахил өргөж ёслол үйлддэг байна.

 

    

 

Энэ өдөр Хятадууд өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд шатаадаг байна. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлгэдсэн сайн үйл хэмээн үздэг аж. 

 

 

 

 

Таны сурталчилгаа