Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирсэн талаар мэдээллээ.
Ирсэн дуудлагаас тав нь шар өвс шатааснаас галд алдсан тухай дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:39 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатаж байна. Галыг унтрааж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд иргэдийн хэлж байгаагаар "Өвсөө шатаах гэж байгаад гал алдсан бололтой" гэсэн юм.
Хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн НОБГ, НЦУГ, НБОГ-ын хамтарсан эрчимт эргүүл нэмэлтээр ажиллуулахаар болжээ.