Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомын 80 гаруй хувь нь хэрэгцээнд нийцэхгүй, харин 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгон сэтгэхүйд нь уршигтай тоглоомууд байгаа аж.
Аав ээжүүд унших бичих гэх мэтэд сургадаг тоглоомуудыг хамгийн сайн нь гэж боддог. Гэтэл энэ нь тийм ч оновчтой сонголт биш аж. Учир нь хүүхэд бэлэн мэдлэгийг хүлээж авах болон сурсан юмаа сайжруулан дадлагажих явцдаа хөгждөг юм биш, харин аливаа асуудалтай тулгарч түүнийгээ өөрөө шийдэх явцдаа хамгийн ихээр хөгждөг. Тиймээс, хамгийн сайн тоглоомууд бол хүүхдийн сэтгэн бодох идэвхийг болон бусадтай харьцах, хайрлан догдлох сэтгэлийг өдөөх чиглэлийн тоглоомууд байдаг. Мэдээж, тоглоом хүүхдийн насанд тохирсон байх нь чухал.
Олон хувилбарт тоглоом
Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвх болон сониуч занд маш их түлхэц өгдөг. 0-12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд гэж бий.
Шагай
Шагай бол монгол хүний сэтгэл зүйн онцлогт тохирсон, гадаадын ямар ч лего тоглоомоос илүү “Монгол лего” юм. Хүүхэд сургуульд ороод бичиж сурна гэдэг асуудалтай тулгардаг. Харин шагай тоглодог хүүхдийн гарын жижиг булчин хөгжиж бичиж сурахад маш дөхөм байх болно.
Хамтран тоглох, ярилцах нь хүүхдийн үгийн баялаг нэмэгдэхэд тустай. Cэтгэл хөдлөлийн мэдрэмж нь хөгждөг. Шагайгаар тоглодог хүүхэд хожиж, хожигдохоос гадна хамтын харилцаанд суралцана. Бусдыг хүндлэх, хүлээцтэй байхад суралцдаг байна.
Тоглоомыг хүүхэд гараараа барьж, мэдэрч тоглох нь хүртэхүй хөгжиж, өнгө /шагайг өнгө өнгөөр будаж болдог/ ялгаж, тоо тоолж сурдаг. Мөн орон зайн баримжаа хөгжиж эв дүйтэй болохоос гадна аливаа зүйлийн том жижиг, өргөн нарийн, бүдүүн туранхай гэж дүгнэж, ялгаж сурна.
Шагайн наадгайн бас нэгэн том ач тус бол хүүхдийг дэг журамтай болоход нөлөөлдөг явдал юм.
Шажигнуур тоглоом
Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо хүлээн авах чадварыг нь хөгжүүлдэг.
Хүүхдийн ор болон тэргэнд, дээрээс нь унжин эргэлддэг тоглоом. Ийм тоглоом харааг нь идэвхжүүлж өгч тод юман дээр хараагаа тогтооход сургадаг. Тойргоор эргэдэг тоглоом нь хараанаасаа алдалгүй дагуулан харах дасгал болдог.
Өнхрүүшүүдийг өнхрүүлж болно, хооронд нь мөргөлдүүлж болно, сэгсэрч дуугаргаж болно. Энэ бүхнийг хүүхдүүд судлан нээж, идэвхтэй ашиглан тоглодог. Заавал өнхрүүш биш, янз бүрийн хэлбэртэй байж болно.Тоглоомнуудаа өөр өөрөөр дуугарч байгааг нь анзаарч жиших, ижил дуугарч байгааг нь хослуулан ялгах, хамгийн чанга дуугарч байгаагаас нь эхлээд дараалуулж тавих гэх зэргээр олон зүйл сэдэх боломжтой бөгөөд энэ бүхэн нь хүүхдийн сэтгэхүйг их сайн хөгжүүлдэг.